ДОРНОД: ХДТ-ын уран бүтээлчид уралдаануудад амжилттай оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Энэ жил Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын есөн уран бүтээлч мэргэжлийн томоохон уралдаан наадмуудад амжилттай оролцжээ.
Дуучин Л.Түвшинсайхан ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон хөгжмийн зохиолч А.П.Бородины нэрэмжит уралдааны сонгодог дуурийн гоцлол төрөлд дэд байр, Г.Дарамзагдын нэрэмжит уралдаанд гуравдугаар байр, дуучин Д.Мягмар МУГЗ Л.Дашнямын нэрэмжит улсын уралдаанд гуравдугаар байр, дуучин С.Ангараг Г.Дарамзагдын нэрэмжит уралдаанд тусгай байр эзэлсэн юм.
Харин жүжигчин С.Батмөнх, М.Халиунсор нар “Гэгээн муза-18” олон улсын наадмын шилдэг гол болон туслах дүр, жүжигчин Э.Батболд “Жүжгийн зохиолын улсын уралдаан”-ы дэд байрт шалгарсан байна. Түүнчлэн бүжигчин О.Шимүнэ “Tanzolymp2025” Азийн бүжгийн олон улсын уралдаанд тэргүүн байр, Т.Энхтунгалаг Вячеслава Донгакагийн нэрэмжит бүжиг дэглээчдийн олон улсын уралдааны тусгай байр, Г.Лхагвасүрэн, О.Шимүнэ, Т.Энхтунгалаг нар “Жороон жороо” олон улсын бүжгийн уралдааны гоцлол болон цөөхүүл бүжгийн төрөлд гуравдугаарт байрт шалгарсан амжилт үзүүлжээ.
ХДТ-ын удирдлага дээрх уран бүтээлчдийг хүлээн авч, хүндэтгэл илэрхийлэн шагнаж урамшуулсан байна.

Ulaanbaatar