Луврын музейд ус алдсаны улмаас түүхэн номууд сүйджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-12-08 11:22:36

ПАРИС, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /DW/. Францын Парис хотын Луврын музей дэх түүхэн чухал номуудын томоохон цуглуулга 11 дүгээр сард ус алдсаны улмаас сүйдсэн болохыг тус музейн албан тушаалтнууд ням гарагт баталжээ. Уг явдал Египетийн Эртний эд өлгийн зүйлсийг хадгалдаг Моллиен жигүүрт болсон байна. 


Луврын музейн дэд захирал Фрэнсис Стейнбокийн мэдэгдсэнээр, ус алдсаныг 11 дүгээр сарын 26-нд илрүүлсэн бөгөөд XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн 300-400 бүтээл” сүйджээ. Тэрбээр түүхэн номуудыг “маш хэрэгтэй боловч ховор нандин зүйлүүд биш” гэж тодорхойлсон байна.


Үүссэн нөхцөл байдлын улмаас ямар ч эд өлгийн зүйл сүйдээгүй гэж Ф.Стейнбок хэлээд, тэдгээр цуглуулгад нөхөж баршгүй хохирол учраагүй хэмээн нэмж хэлжээ. Түүний хэлснээр, сүйдсэн номуудыг хатааж, сэргээгээд, тавиур дээр буцааж тавих ажээ. Харин уг мэдэгдлийг бямба гарагт “La Tribune de l'Art” цахим сэтгүүлд гарсан нийтлэлд шууд няцаасан байна.


Зарим номын хавтаснууд сэргээхийн аргагүйгээр сүйдсэнийг нийтлэлд дурдаад, Египетийн эд өлгийн хэсгийн барилгыг шинчлэн сайжруулах, цуглуулгуудыг хамгаалах бусад арга хэмжээ авах хүсэлтийг үл тоомсорлосон хэмээн музейн удирдлагуудыг буруутгажээ. Ус алдсан нь дэлхийн хамгийн алдартай музейд сүүлийн үед тохиолдсон ээлжит таагүй явдлуудын нэг болж байна.


Энэ оны 10 дугаар сард тус музейгээс 102 сая ам.доллароос дээш /87.6 сая евро/ үнэ бүхий үнэт эдлэлүүдийг дөрвөн этгээд хулгайлсан хэрэг гарсан юм. Түүхэн эх сурвалжийг харгалзан үзвэл үнэлж баршгүй хэмээн тодорхойлох үнэт эдлэлүүдийг гэмт этгээдүүд эвдлээд, зарсан байх магадлалтай гэж албаныхан үзэж байна.


Түүнчлэн 11 дүгээр сард музей бүтцийн асуудлаас үүдэн Грекийн ваарнуудыг дэлгэн үзүүлдэг галерейг хаахаас өөр аргагүйд хүрчээ. Харин одоо 11 дүгээр сарын 26-нд илрүүлсэн ус алдагдсан явдлыг мөрдөн шалгах болно гэж музейн захиргаа мэдэгдээд байна. Уг явдал нь гэнэтийн зүйл биш байжээ. Ф.Стейнбокийн хэлснээр, уг эрсдэлийг мэдэж байсан бөгөөд хуучин хоолойн системийг 2026 оны есдүгээр сард солихоор төлөвлөж байсан ажээ. 


Луврын музейн удирдлага саяхан соёлын томоохон цогцолборын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор тасалбарын үнийг өсгөнө гэдгээ зарласан юм. Тодруулбал, Европын Холбооны гишүүн бус улсуудын үзэгчдэд худалдаалах тасалбарын үнийг 45 хувиар нэмэгдүүлэн 32 евро болгосноор жилийн орлого 23 сая ам.доллароор нэмэгдэнэ. Луврыг музейд жилд 8.7 сая хүн зочилдгийн 69 орчим хувь нь гадаадын иргэд байдаг.

 


Related news