MH370 нислэгийн дугаартай онгоцыг үргэлжлүүлэн хайна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-12-03 16:13:46

КУАЛА-ЛУМПУР, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Малайзын агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн MH370  нислэгийн дугаартай, сураггүй болсон нисэх онгоцыг эрэн хайх ажлыг 12 дугаар сарын сүүлчээр дахин эхлүүлнэ гэж тус улсын Тээврийн яам өнөөдөр мэдэгдлээ. 


Малайзын нийслэл Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд 2014 оны наймдугаар сарын 8-нд 239 зорчигч тээвэрлэн нисэж байсан “Boeing 777” онгоц радараас гэнэт алга болсон юм. Уг онгоцонд голдуу Хятадын иргэд зорчиж явжээ. Онгоцны сэгийг олон удаа хайсан боловч олоогүй бөгөөд уг явдал дэлхийн агаарын тээврийн салбар дахь хамгийн нууц тохиолдлуудын нэг болсон юм. 


Тээврийн яамнаас мэдэгдсэнээр, “Malaysia Airlines” компанийн MH370 нислэгийн үеэр алга болсон онгоцны сэгийг далайн гүнд хайх эрэл хайгуул 2025 оны 12 дугаар сарын 30-нд дахин эхлэх ажээ. Далайн эрэл хайгуул, судалгааны “Ocean Infinity” компани эрлийн ажиллагааг 55 хоногийн турш завсарлагатайгаар явуулна. 


Энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хийсэн хамгийн сүүлчийн эрэл хайгуулыг цаг агаарын таагүй нөхцөл, далайн ширүүн давлагаанаас болж түр зогсоосон юм. Австралийн Перт хотын эргээс холгүй 15 мянган хав.дөр.км талбайд төвлөрсөн уг ажиллагаа нь “олохгүй бол төлбөр төлөхгүй байх” зарчмаар явагдсан бөгөөд Засгийн газраас зөвхөн онгоц олдсон тохиолдолд л компанид төлбөр төлөх ажээ.


Онгоцыг хайхаар Австралийн талын явуулсан анхны ажиллагаа нь гурван жилийн хугацаанд 120 мянган хав.дөр.км талбайг хамарч байв. Энэхүү хайгуулыг Хятад, Малайз, Австралийн хоорондын тохиролцоогоор 2017 онд зогсоожээ. Өмнө нь явуулсан эрлийн үеэр онгоцны цөөн тооны жижиг хэлтэрхий олдож байв.

 


Related news