ОРХОН: Аймгийн ИТХ-аар 9 асуудлыг хэлэлцэн батална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан өнөөдөр эхэллээ.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын тогтоолуудын зарим заалтад өөрчлөлт оруулах саналын тухай, сүм хийдийн хугацаа сунгах тухай, чиглэл өгөх тухай, усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай, Баян-Өндөр сумын Цагаанчулуут (Найрамдал) баг, 49-53 дугаар гудамж гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон газрын харилцааны талаар 2025 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2026 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай, болон аймгийн 2026 оны төсөв батлах тухай зэрэг нийт 9 асуудал хэлэлцэн батлах юм.
Мөн Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус хоёр жилийн хугацаагаар сунгалаа.
Төлөөлөгчдөөс хэлэлцэж буй асуудалтай холбоотой зарим саналыг тусгаж, тэмдэглэлээр үүрэг даалгавар өгч, сүм хийдүүдийн хугацааг сунгалаа. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд шашин шүтэх, эс шүтэх нь хүний эрх бөгөөд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан сүм хийд нь Монгол Улсын хууль, холбогдох журам, дүрмийг даган мөрдөж үйл ажиллагаа яюуулах, уламжлалт зан заншилд хүндэтгэлтэй хандах, олон нийтэд дарамттай байдлаар үйл ажиллагаагаа сурталчлахгүй байх, бага насны хүүхдийн сурч, боловсрох эрхэд халдахгүй байх, нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт хотын 50 жилийн ойн бүтээн байгуулалтад оролцох зэрэг олон саналыг илэрхийллээ.



Ulaanbaatar