Чингис хааны мэндэлсэн өдөр болон Улс тунхагласны ой, “Алтан цом”-ын барилдаантай арваннэгдүгээр сар

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-03 11:09:41

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдааны хуваариа олон нийтэд танилцуулжээ.


Энэ сард бөх сонирхогчдын анхаарлыг татаад буй “Алтан цом”-оос гадна хоёр ч том барилдаан үзэгчдийг хүлээж байна. Тодруулбал, энэ сарын 8, 9, 15-нд “Алтан цом”-ын хоёр, гуравдугаар тойргийн барилдаан болно. Харин 16-нд аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын хуваарьт багтжээ. Энэ нь аймаг, цэргийн цолтнуудын нээлт гэдгээрээ онцлогтой.


Тэгвэл энэ сарын 21-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Маргааш нь буюу энэ сарын 22-ны бямба гарагт сумын цолтон болон залуу бөхчүүдийн 128 дахь удаагийн барилдаантай.


Түүнчлэн энэ сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно. Мөн 29-нд Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Related news