Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-03 09:33:32

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо, “Хан Хэнтийн аварга” дэвжээтэй хамтран өсвөрийн 62, залуучуудын 19 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.


Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит эл барилдаанд 21 аймаг, есөн дүүрэг болон спорт хороо, дэвжээдийн 450 орчим бөх дөрвөн насны ангилалд өрсөлдөж, өчигдөр аваргууд тодров. 16 насны ангилалд 107 өсвөрийн бөх барилдсанаас Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын бөх, улсын шонхор Р.Омар түрүүлсэн бол “Эв Монгол” клубийн Э.Сэрдамба мөнгө, Увсын Б.Энхболд хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Р.Омарын хувь улсын наадам, цагаан сар, өсвөрийн УАШТ гэсэн гурван том барилдаанд түрүүлсэн анхны бөх болов. Түүнчлэн УАШТ-д нэг ч уналгүй 33 даваатай түрүүлснээрээ онцлогтой. Шилдэг аравт “Аваргууд академи”-ийн П.Сэржбүдээ, “Арслан” клубын Э.Тэмүүлэн, Хөвсгөлийн С.Самданшарав, “Алдартан” дэвжээний М.Жаргалсайхан, Сүхбаатарын Э.Үлэмжбаясах, “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн Б.Тэмүүлэн, “Алдар”-ын Б.Батбилгүүн нар шалгарчээ. Энэ насанд “Уран барилдааны шагнал”-ыг Хөвсгөлийн С.Самданшаравт, “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”-ыг “Хутагтын их хүчтэн” дэвжээний бөх Г.Элбэгсайхан нарт олгосон байна.


Тэгвэл 17 насны ангилалд 112 хүчтэн зодоглосноос Хэнтийн аймгийн бөх А.Тайванбат түрүүлж, Баянхонгорын О.Мөнгөн-Эрдэнэ мөнгө, Хөвсгөлийн Б.Баднаанямбуу хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Энэ насанд Дарханы Э.Саруул-Эрдэнэ, “Аварга” дээд сургуулийн Г.Золбоо, “Эв Монгол”-ын Г.Өрнөхбаяр, “Алдар”-ын Н.Амартүвшин, Булганы Л.Билэгдэмбэрэл, Сонгинохайрханы Т.Анхбаяр, Увсын О.Канчинлхагва нар багтав. “Уран барилдааны шагнал”-ыг Увсын О.Мөнхбаатар, “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”-ыг “Дүнжингарав” дэвжээний Ц.Буянтогтох нарт өгсөн байна.


Харин 18 насанд 98 бөх барилдсанаас Баян-Өлгийн Ш.Батырбек алт, “Алдар”-ын Б.Ганбаатар мөнгө, “Эв Монгол”-ын А.Буянжаргал хүрэл медалийн тавцанд зогслоо. Шилдэг аравт Увсын Д.Мөнх-Отгон, “Аварга”-ын Б.Энхтөгөлдөр, ҮБТИС-ийн Ц.Өсөхбаяр, “Таван богдын бүргэдүүд”-ийн Е.Ховланды, Дорноговийн Н.Батсуурь, Дарханы Б.Мөнхжин, “Хутагтын хүчтэн” дэвжээний Э.Бат-Эрдэнэ нар шалгарлаа. “Уран барилдааны шагнал”-ыг Ш.Батырбек, “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”-ыг Сэлэнгийн Б.Бат-Оргил  хүртэв.


Үүнээс гадна залуучуудын ангилалд “Аваргууд академи”-ийн Т.Дөлгөөн түрүүлж, “Эв Монгол”-ын Д.Нарантулга мөнгө, “Алдар”-ын А.Энхбаяр хүрэл медалиар энгэрээ мялаалаа. “Уран барилдааны шагнал”-ыг У.Мөнгөншагай, “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”-ыг Хэнтийн ГЛувсандорж нар хүртсэн юм.


Багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүүгээр удирдуулсан “Эв Монгол” түрүүлж, Б.Сүхбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул болон “Алдар” спорт хороо удаалав. Тэгвэл залуучуудын ангилалд Ц.Мандалсүрэн дасгалжуулагчтай Аваргууд академи” түрүүлсэн бол “Эв Монгол клуб, Алдар спорт хороо араас нь жагслаа. Улсын заан Р.Давааням агсны нэрэмжит тусгай шагналыг Аваргууд академи”-ийн Т.Дөлгөөнд аймгийн заан Ө.Дүүрэнбаяр гардуулав. 

2026 оны өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааныг Архангай аймагт зохион байгуулна. 





Related news