Бөөрөлжүүт ЦС-ын 150 МВт-ын хүчин чадалтай II блок эрчим хүч нийлүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-10-19 11:11:58

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүт цахилгаан станцад хөрөнгө оруулсан.


Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.  Тэгвэл тус станцын 150 МВт хүчин чадалтай II блок ашиглалтад орж, өчигдрөөс төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ. 


Тодруулбал,  Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусаж, төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу энэ оны аравдугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, уг цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний системд 300 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлэх болов.


Тус станц 300 МВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Монгол Улсын 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэнэ. Мөн хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэх юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Related news