MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ТӨВ: “Боловсролын чанар, хүртээмж-Гарц шийдэл” хэлэлцүүлэг өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-13 16:02:01

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Төв аймгийнхан Монголын багш нарын 59, Дэлхийн багш нарын 31 дэх жилийн ойн баярыг энэ сарын 10-нд тэмдэглэв. 


Энэ өдөр “Боловсролын чанар, хүртээмж-Гарц шийдэл” хэлэлцүүлгийг өрнүүлж, баярын хурлаа зохион байгууллаа.


Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Энэ өдрийн хүрээнд зөвхөн баяр төдийхнөөр тэмдэглээд өнгөрөх нэг өдрийн үйл ажиллагаа бус боловсролын салбарынхаа чанарыг, хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ? Үүний гарц шийдэл юу байж болох вэ? гэдгийг тодорхойлох нь чухал байна.  


Аливаа улс орон, аймаг, орон нутгийн хөгжил нь хүний хөгжлөөс шалтгаалдаг, харин хүний хөгжил нь ар гэрийн суурь хүмүүжил болон боловсролын чанараас шууд хамаардаг. Сайн боловсрол эзэмшсэн, зөв Монгол хүнийг төлөвшүүлэхэд багш бүрийн хичээл зүтгэл, боловсролын шат шатны байгууллагуудын менежмент, эцэг эх, асран хамгаалагч бүрийн үүрэг оролцоо чухал нөлөөтэй.


Төв аймгийн хувьд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж сургууль, цэцэрлэг, дотуур байрыг эрэмбэ дараатай барьж байгуулснаар цэцэрлэгт хамрагдах хамран сургалт 96.1 хувь, Ерөнхий боловсролын сургуулийн хамрагдалт 93.6 хувьд хүрч суурь түвшнээс 5.6-6.9 пунктээр ахисан үзүүлэлттэй байгаа ч боловсролын салбарын үндсэн үзүүлэлтийн нэг болох сургалтын чанар хангалтгүй байсаар байгаа юм.


Иймээс боловсролын салбарын ачааны хүндийг үүрч яваа багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг хангах замаар тэднээс чанартай боловсрол, ахицтай үр дүнг шаардах хэрэгтэй байгаа бол сурагчдын сурч боловсрох, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал асуудал болоод байгаа юм” гэв.


Аймаг, орон нутгаас энэ хичээлийн жилд Боловсролын үнэлгээний төвтэй хамтран элсэлтийн шалгалтын чанар, үр дүнг нэмэгдүүлэх, сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээний арга зүйг сайжруулахад анхаарч олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.






Related news