ТӨВ: Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогыг иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-10 09:02:39

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.


Тодруулбал, төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг үзүүлэлтийг бүрдүүлэх юм.


Төрд байгаа иргэний мэдээллийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн мэдэгдэл хүргүүлж, “ХУР” системээр дамжуулан цуглуулж, эдгээр цуглуулсан мэдээллийг нягталж үзсэний үндсэн дээр тодруулгын хүрээг тогтоосон.


Төв аймгийн хувьд бэлтгэгдсэн мэдээлэл цуглуулагчид 10 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 1-нээс хүртэл 5838 өрхөөс утсаар, 11-р сарын 1-нээс 11-р сарын 30-ны өдөр хүртэл 836 өрхөөс биечлэн тооллогын мэдээллийг цуглуулна.


Мөн Монгол Улсад оршин суугаа иргэд www.2025.mn сайтад, гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд www.citizen.2025.mn сайтад 10 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд хандан тооллогод хамрагдаж өөрийн мэдээллээ баталгаажуулах боломжтой.


Тооллогын тов нь 2025 оны 12-р сарын 17-18-ны шилжих шөнө 00 цагт тооллогын мэдээллийг цахим сангаас татсанаар тооллогын мэдээлэл цуглуулалт дуусах юм.


Тооллогод Монгол Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд, Монгол Улсад оршин суугаа гадаад болон харьяалалгүй иргэд, гадаадад суугаа Монгол Улсын иргэд хамрагдана.


Энэхүү ажил нь тухайн улсын хүн ам зүй, тухайлбал хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг бүрдүүлдэг цогц судалгаа юм.

 

Related news