АРХАНГАЙ: Монголчууд Балданлхам бурхныг нэрээр дуудахыг цээрлэн “Хөх юм” хэмээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Архангайн Музейн сан хөмрөгийн нэг хэсгийг бүрдүүлдэг бурхан шашны холбогдолтой, сонирхолтой үзмэрүүд бий.
Тухайлбал, танка буюу шүтээн бурхадын зураг, шашны хөгжим зэмсэг, хурал ном, тахилын эд өлгийн зүйл, шашны зан үйлийн зарим хэрэглэл бий. Эдгээр шашны цуглуулга нь Зая гэгээний өв, Заяын хүрээ болон нутгийн зон олны өв сангаас бүрдсэн байдаг.
Уншигч танд аймгийн Музейд хадгалж буй эртний шүтээн бурхадыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Цогт охин тэнгэр буюу Балданлхам бурхны танкаг танилцуулъя.
Цогт охин тэнгэр танка нь 36х30.5 см хэмжээтэй, зотон, шороон будгаар бүтээсэн шүтээн юм.
Арван догшин хангалын нэг Балданлхам шар халзан луус хөлөглөн, сүмбэр уулыг даван, цусан далайг гаталж, хуй салхи татуулан явна. Тэрээр тэргүүндээ таван хохимой толгой бүхий титэм, хөх лагшинтай нойтон толгойн эрх, ясан чимэг зүүсгэл, барын арьсан хормогч асааж, баруун мутартаа очирт бэрээ өргөн, зүүн мутартаа цус дүүргэсэн гавал аяга барьжээ. Түүнийг Чойсүрэндонжан, Сэнгэдонжан хоёр нөхөр нь дагалдана.
Бүтээлийн дээд хэсэгт Богд Зонхов бурхан шавь нарын хамт, доод талд нь Эгшигт охин тэнгэр, дөрвөн талд нь дөрвөн улирлын охин тэнгэр оршино.
Бурхны шашны гэлугва ёсыг хамгаалах сахиус арван догшин
хангалын нэг Лхам бурхан нь ертөнцийн амьд бүдгийг амьд яваа насанд нь өвчин
зовлон, ад тэрсүүдийн хорлолоос хамгаалж, бас
эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл бодьсадын байдлаас огт урвахгүйгээр
шашныг сахиж, амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм.
Монголчууд нэрээр нь дуудахыг цээрлэн "Хөх юм" гэж нэрлэдэг.
Тэрээр цагаан сарын битүүний шөнө айл хотлыг эргэдэг гэдэг домогтой тул айлууд гаднаа тотгоны дээр, цонх, тагтан дээрээ Балданлхамын луусыг ундаалах ус, мөс тавин бэлтгэснээр шинэ оноо өвчин зовлон, гай барцадгvй угтахыг бэлгэддэг билээ.
/Цогт охин тэнгэр буюу Балданлхам бурхны өөр нэг хувилбарт зураг/