АРХАНГАЙ: Мухар хужиртын рашаан хүний биеийн эрдсийг нөхдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Цэцэрлэг сумын төвөөс баруун урагш 20 орчим км зайд зүүн урагшаа урссан Мухар хужирт голын баруун талд Мухар хужиртын рашаан бий. Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 210 км-т байрладаг.
Далайн түвшнээс
дээш 1585 метрт байх энэ рашаан газрын гүнээс гардаг тул маш хүйтэн. Найрлагад
нь кальци, кали, гидрокарбонат зэрэг элемент их байдаг. Бага зэргийн
эрдэсжилттэй. Анагаах чадвар маш сайн гэдэг. Ялангуяа дотор, мэдрэл, сэтгэц,
чихрийн шижинг анагаах талаараа гойд сайн болох нь олон зуун жилийн явцад
нотлогдсон. Мөн ходоодны хүчил бага, элэг цөсний архагшил, үе мөчний
хурц үрэвслийн үед ууж, хүйтэн
боргионд цохиулдаг.
Дотор эрхтнээ цэвэрлэхээс гадна эрдсүүдээ нөхөж авдаг
бөгөөд рашааныг багадаа 3
жил дараалан уудаг. Энэ
рашаан нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Зая Бандида Лувсанпэрэнлэйн мэндэлсэн
газраас оргилон гарсан гэх түүхтэй бөгөөд рашааны дэргэд Дөвхөн нэртэй хийдийг
13 дугаар зууны эцсээр байгуулж, буян номын газар болгож байжээ.
Мухар хужиртын рашаан, түүний орчмын
дурсгалт газрууд нь Архангай аймгийн түүхийн есөн гайхамшгийн нэг юм.
Домог хүүрнэвэл:
Рашаан буй Хужирт хэмээх энэ газарт ядуу эмгэн охиныхоо хамт амьдардаг байжээ. Охин нь хөл хүндтэй байсан юм гэнэ. Хаврын адаг сарын нэгэн өглөө адуундаа эртлэн мордсон нутгийн хоёр залуу эмгэний гэрийн тооноор гэрэл цацарч, солонго татахыг хараад маш их гайхав. Энэ нь эмгэний охин амаржиж байсан бөгөөд мэндэлсэн хөвгүүн бол анхдугаар Зая бандида Лувсанпэрэнлэй гэгээнтэн байжээ гэсэн домогтой.
Мухар хужирт нэрийн учир нь:
Энэхүү газар нутаглаж байсан ядуу эмгэний охиноос хүү
төрсөн тэр шөнө Далай чойнхор вангийн хошуунаас нэгэн алаг үнээ шилрэн эмгэний
гадаа ирж тугалжээ. Тугал нь сүүг барсангүйд эмгэн тогоо, домбондоо хийсэн ч
багтахгүй, сүү газраар урсжээ. Эмгэн үүнд их бэлгэшээж, шинээр төрсөн хүү минь
яасан их заяа буянтай юм бэ гэж баярлан, нялх биетэй охиноо тэр үнээний хагаар
шөллөж байж гэнэ. Хэд хоногийн дараа эзэн үнээгээ сураглан ирж олсон
боловч байдлыг хараад үнээгээ орхиод буцжээ. Үнээний эрлээ мухарласан тэр газрыг
түүнээс хойш Мухар хужирт нэрлэх болсон гэдэг.
Мухар хужиртын рашааны орчимд түүхэн дурсгалт домог газрууд элбэг байдаг.
Дарвабандид гэгээний төрсөн газар, Бух чулуу, Бухын хүрээний туурь, эзэн Чингис
хаан их цэргийнхээ хамт буудаллан тулалдаж байсан гэгдэх Хонгоржийн тал дахь
Саарь хээрийн хөшөө, хүрлийн үеийн малчид, анчдын ахуй амьдралыг сэдэвлэн
буулгасан сүг зургууд бүхий өвгөн Хонгорж уул зэргийг дурдаж болно.