АРХАНГАЙ: 7.3 сая төгрөгийн 14 шилмэл хээлтүүлэгч мал борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-01 11:42:42

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/ “Архангай түншлэл-2025” үзэсгэлэн худалдааны хүрээнд шилмэл малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, борлуулж, шилдгүүдийг шалгаруулдаг.


Шилмэл малын үзэсгэлэн худалдаанд есөн сумын мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэг нэгж, 19 малчны 2 төрлийн, 3 үүлдрийн 91 толгой хээлтүүлэгч мал оролцлоо. Гурван үүлдрийн 14 толгой хээлтүүлэгч малыг 7.3 сая төгрөгөөр худалдсан байна.


Харин шалгаруулалтыг мах-өөхний бүдүүн, бүдүүвтэр ноосны чиглэлийн хонь, ноолуурын чиглэлийн ямаа гэсэн хоёр төрлөөр явуулж, шилдгүүдийг тодруулсан байна.


Мах-өөхний бүдүүн бүдүүвтэр ноост хонины бүдүүн хуцны төрөлд Цэнхэр сумын малчин Ц.Базарсадын “Монгол” үүлдрийн эвэртэй хар толгойтой хуц тэргүүлсэн бол өсвөр хуцны төрөлд Төвшрүүлэх сумын малчин Б.Дэлгэрсайханы “Монгол” үүлдрийн хар халзан хуц оржээ.  


Ноолуурын чиглэлийн ямааны бүдүүн ухны төрөлд Жаргалант сумын малчин Т.Даваанямын “Монгол” үүлдрийн хар ухна, өсвөр ухны төрөлд Эрдэнэмандал сумын малчин Б.Цогбадрахын “Монгол” үүлдрийн хар ухна тус тус шалгарчээ. 

Related news