Баянхөндий уурхайгаас алт олборлож эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
Jargal.d@montsame.mn
2025-09-22 15:57:38

ОТТАВА, 2025 оны есдүгээр сарын 22 /mining.com/. Канадын уул уурхайн “Erdene Resource Development” компани Монгол Улсын баруун өмнөд нутагт орших Баянхөндий уурхайд алт олборлож эхэлсэн нь хэрэгжиж эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрч буй уг төслийн хувьд чухал үйл явдал боллоо. 


“Erdene” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Питер Акерли хэлэхдээ, 2015 онд анх илрүүлсэн энэхүү орд нь асар богино хугацаанд "Хѳндий" эрдсийн ордын тулгын чулуу болсон хэмээн онцолжээ. 


“242 км урт цахилгаан дамжуулах шугам барьж, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлж, боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулан ердөө 22 сарын дотор анхны алтаа хайлуулан цутгасан нь манай багийн хувьд маш том ололт юм” гэж тэрбээр хэлсэн байна.


Уг уурхай дэлхийн хамгийн өндөр агууламжтай ил уурхайнуудын нэгд тооцогдох төлөвтэй байна. Уурхайг 2025 оны сүүлчээр бүрэн хүчин чадлаар ашиглаж эхлэх бөгөөд жилд 85 мянга орчим унц алт үйлдвэрлэх төлөвтэй байна. Нэг унц алт үйлдвэрлэх нийт зардал нь бусад ижил төрлийн уурхайтай харьцуулахад харьцангуй бага байх ажээ. Эл уурхай нь тонн тутамд 4 грамм дундаж агууламж бүхий нийт 513 700 унц алтны нөөцтэй бөгөөд үүнд “Dark Horse” дагуул орд багтсан байна.


Баянхөндийн уурхайгаас олборлосон алтыг Монгол Улсын Төв банканд тухайн үеийн зах зээлийн үнээр худалдсанаар  тус улсын гадаад валютын нөөцийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.


“Erdene” компанийн геологичид өндөр агууламжтай хүдрийн ил ордыг илрүүлснээс хойш 10 жилийн дараа, ТЭЗҮ-ийг боловсруулж дууссанаас хойш 5 жилийн дараа алт олборлож эхэлсэн гэж Акерли хэлээд энэ нь сүүлийн жилүүдэд уурхайг асар богино хугацаанд ашиглалтад оруулсан тохиолдлуудын нэг гэдгийг онцолжээ. 


Өнгөрсөн даваа гарагт нэг унц алт 3682.51 ам.долларт хүрч шинэ дээд үзүүлэлтэд хүрээд байх үед уг уурхайг ашиглалтад оруулсан байна. Он гарсаар алтны ханш 40  хувиар өсөөд байгаа бөгөөд геополитикийн тодорхойгүй байдал, Төв банкууд алт худалдан авахаа нэмэгдүүлсэн нь нөлөөлжээ.


Уг уурхайг "Erdene" болон "Монголын уул уурхайн корпорац" (MMC) хуваан эзэмшиж байгаа бөгөөд "Erdene" компани 50 хувийн хувьцаа эзэмшиж, эхний 400 мянган унц алт олборлосны дараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 5 хувийг буцаан авах эрхтэй. MMC үлдсэн 50 хувийг эзэмшиж байгаа аж. 


MMC компани 2023 онд тус уурхайн лицензийг эзэмшдэг "Erdene" компанийн охин компани болох "Erdene Mongol LLC"-гийн тал хувийг худалдан авч, 40 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.
Related news