Болгарын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч А.Гигова лекц уншжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Jargal.d@montsame.mn
2026-03-24 11:46:05

УЛААНБААТАР, 2026 оны гуравдугаар сарын 23 /BTA/. Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Александрина Гигова Монгол Улсын Их Сургуульд лекц уншлаа. 


А.Гигова гуравдугаар сарын 16-нд тус их сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн оюутнууд, багш нарт зориулан “Болгар улс Европын Холбоонд” сэдвээр лекц уншсан тухай Болгарын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.


Тэрбээр Болгарын байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг, өвлийн аялал жуулчлалын онцлог, мөн тус улсын баялаг түүх, соёлын өвийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Үүний зэрэгцээ Болгар улс Европын Холбоонд нэгдсэн үйл явц, уг интеграцийн хүрээнд бий болсон эдийн засаг, нийгэм, бодлогын өөрчлөлтүүдийг тодорхой жишээ баримтаар тайлбарлажээ.


Мөн Болгар, Монгол хоёр улс хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж буй талаар, ялангуяа боловсрол, соёл, олон улсын харилцааны чиглэлд хэрэгжүүлж буй санаачилгуудын талаар онцлон дурдлаа.


Лекцийн үеэр оролцогчдод Болгарын уламжлалт бүтээгдэхүүн болох сарнайн тосны анхилуун үнэрийг танилцуулсан нь тус улсын соёл, уламжлалыг сонирхолтой байдлаар мэдрүүлэв.


Энэхүү лекц нь оюутнуудын сонирхлыг татсан бөгөөд лекцийн дараа Болгар, Монголын хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв гэж Монгол дахь Болгарын Элчин сайдын яамнаас мэдээлжээ. 


Related news