ЗАВХАН: Халх эхнэрийн иж бүрэн толгойн гоёл өмсгөл хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-19 17:47:56

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн угсаатны танхимд дэглэгдсэн халх эхнэрийн толгойн мөнгөн гоёл нь 1930-аад оны үеийн өмсгөл юм.


1930 оны үед Халхын зүүн нутаг хошуунаас худалдан авч байсан иж бүрдэл авгайн гоёл нь Сэцэн Сартуул засгийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Яруу сумын харьяат Нийдэн тайжийн охин Намжил хэрэглэж байсан байна.


Толгойн боолтын унжлага нь таван салаа гурван хостой, цул цагаан мөнгө, хуучны шүрэн болон оюу эрдэнийн чимэглэлтэй. Халх эхнэрийн толгойн бүрэн хэрэглэл, гутал, дээл, малгайг 1952 онд Завхан аймгийн музейн үзмэрт авчээ.


Толгойн мөнгөн гоёлын өргөн нь 6 см, урт нь 10 см, жижиг гоёлын өргөн нь 3 см, урт нь 5 см байна. Даавууны өргөн нь 8 см, урт нь 81 см, оройвч нь 1145 гр, эвэр нь 2185 гр, малгайн өргөн нь 24 см, диаметр нь 17см, малгайн хүрээ нь 11 см-ийн өндөртэй байна. Халх эхнэрийн дээлний урт нь 130 см, ханцуйн урт нь 116 см, мөрний өндөр нь 14 см, онооны урт нь 87см байна. Монгол гутлын өндөр нь 37 см, улны урт нь 31 см байна.


Толгойн гоёлын тухайд, Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж нутаг нутгийн заншлаар эхнэр хүний гоёлоор гоёдог байжээ. Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Мөн толгой дээрээ дух руу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө.

Оройвч хэмээх толгойн боолтын орой нь онгорхой байвал харц хүнийх, битүү хорол чимэглэлтэй байвал хатан хүнийх гэж ойлгоно. Хоёр тал руугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаарыг дунд нь хавчиж, туйв бүхий мөнгөн гэр рүү үсээ хийх уулзварт зууван хавчиг зүүнэ.


Туйв гэдэг нь үсний үзүүрийг хавчдаг хавчаар юм. Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргахгүйгээр туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална. Толгойн боолтоос хоёр шанаа руу унжуулсан унжуурга чимгийг санчиг гэх бөгөөд 3, 5, 7, 9 салаа шүр сувдан зүүлтээс бүрдэнэ.


Баруун монгол эхнэрүүд үсээ мөн адил хоёр салаа сүлжиж хоргойгоор чимэглэсэн үсний гэр хэмээх хар хилэн уутанд хийж энгэр рүүгээ унжуулна. Үснийхээ үзүүрт “тохиг” хэмээх гоёл зүүнэ. Мөн баруун нутгийн ястнууд “таван саваагүй”-д хавтага, утас зүүний хэрэгсэл, чихний ухуур, хумс цэвэрлэгч, шүдний чигчлүүрийг хэрэглэдэг бол халх эмэгтэйчүүд чихний ухуур, хэлний хусуур, хумсны хир арилгагч, хөмсөг засагч, шүдний чигчлүүрийг оролцуулдаг байжээ хэмээн Завхан аймгийн Музейн тайлбарлагч О.Оюунцэцэг ярилаа. 


Халх эхнэрийн толгойн иж бүрэн өмсгөл

Related news