ТӨВ: Батсүмбэр суманд “Багийн бага сургууль” төслийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Батсүмбэр сумын Цогт-Өндөр, Үдлэг багт “Багийн бага сургууль” төсөл хэрэгжүүлэхээр өнөөдөр гэрээ байгууллаа.
Тус гэрээнд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Боловсролын газрын дарга Ц.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон хөрөнгө оруулагч "Номин холдинг" ХХК-ийн удирдлага нар гарын үсгээ зурж баталгаажуулав.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр алслагдсан багийн хүүхдүүд амьдарч буй газраасаа чанартай боловсролыг эзэмших боломж бүрдэх юм.
Төслийн зорилго нь алслагдсан багуудад хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй сургууль, цэцэрлэгийн цогцолборуудыг барьж байгуулах замаар 2-10 насны хүүхдүүдийг өөрийн гэртээ ойр, амьдарч буй багтаа сургуулийн өмнөх болон бага боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Батсүмбэр суманд Мандал, Цогт-Өндөр, Сөгнөгөр-Баянгол, Үдлэг 4 багийн 1949 өрхөд 6789 хүн амьдарч байна.