Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд 120 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-19 13:51:47

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь удаагийн хурлыг “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” сэдвээр Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.


Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, шинжлэх ухааны байгууллагуудын хооронд өргөжиж байна. ШУА, Солонгос судлалын олон улсын нийгэмлэг нийгмийн ухаан болон бусад салбарын хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах боломж, эрэлт хэрэгцээ ч нэмэгдэж байгаа юм.


Тус хуралд “Солонгосын нөөцийн дипломат ажиллагаа, газрын ховор элементийн салбар дахь Монгол-Солонгосын хамтын ажиллагааны боломж” сэдвээр илтгэл тавьсан, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмар "Монголын газрын ховор элементийн нөөцийг Солонгосын аж үйлдвэрийн салбарын хэрэгцээнд чиглүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой бий. Солонгосын аж үйлдвэрийн салбарт эрэлт их ч нийлүүлэлт хомс байгаа газрын ховор элементийн чиглэлд манай улстай хамтран ажиллах нь харилцан ашигтай"-г онцолж байлаа. 


Энэ удаагийн хуралд дэлхийн 16 орны 120 гаруй судлаач оролцож, нийгэм, улс төр, эдийн засаг, хууль, соёл, философи, шашин судлал, угсаатны зүй, урлаг судлал, хэл шинжлэл, уран зохиол, боловсрол судлал, анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи зэрэг 10 гаруй салбар хуралдаанаар илтгэлийг хэлэлцүүлж байна. 


ШУА, МУИС, Солонгос судлалын нийгэмлэг хамтран хоёр өдрийн турш зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлыг өмнө нь Япон Улсын Осака хотод хийж байжээ. 

Related news