Газын зурваст шинэ ажиллагаа явуулах төлөвлөгөөг Израилын цэргийнхэн баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-14 09:12:38

ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 14 /DW/. Газын зурваст хуурай замын томоохон ажиллагаа явуулах тухай Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн төлөвлөгөөг эсэргүүцэж байсан Израилын Батлан хамгаалах хүчний /БХХ/ жанжин штабын дарга Эяль Замир лхагва гарагт шийдвэрээ өөрчилжээ.  


БХХ-ий мэдэгдэлд дурдсанаар, Э.Замир Газын зурвас дахь БХХ-ий явуулах ажиллагааны төлөвлөгөөний үндсэн бүтэцийг баталсан гэв. Тэрбээр өмнө нь энэ төлөвлөгөөг Израилын цэргүүд болон ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүст эрсдэлтэй тул эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв.


Өнгөрсөн долоо хоногт Израилын Онц байдлын засгийн газар Газа хотыг бүрэн хяналтандаа авч, Газын гол дүрвэгсдийн хуарангуудад үйл ажиллагаа явуулж байгаа ХАМАС бүлэглэлийн үүрүүдийг устгах зорилготой довтолгоог явуулах тушаал өгсний дараа дээрх мэдэгдэл гарч байна.


Хэдийгээр хуурай замын довтолгооны тов гараагүй байгаа боловч Израилын байлдааны онгоцууд Газын зурвас дахь хамгийн том хотыг сүүлийн хэдэн өдрийн турш бөмбөгдөж байгаа бөгөөд ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын мэдээлснээр, сүүлийн 24 цагийн дотор 123 хүн амиа алджээ.


Мөн ХАМАС-ын хяналтад байдаг Газын иргэний хамгаалалтын агентлагийн мэдээлснээр, Израилын бөмбөгдөлтийн үеэр өндөр барилга зэрэг иргэний барилга байгууламжийг онилсон маш хүчтэй агаарын цохилтуудыг” өгсөн байна. 

Related news