Тайланд, Камбожийн талууд гал зогсоох хэлэлцээ хийхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-27 08:45:55

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 27 /DW/. Камбожийн Ерөнхий сайд Хун Манет, Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пхумтхам Вечаячай нартай утсаар ярьсан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.


Түүний бичсэнээр, Камбож, Тайландын талууд хэлэлцээ хийж, гал зогсоохын тулд нэн даруй уулзахаар тохиролцжээ. “Одоо бид энэ хоёр улстай худалдааны хэлэлцээ хийж байгаа, хэрвээ талууд хоорондоо байлдсаар байвал худалдааны гэрээ байгуулах боломжгүй гэдгийг би тэдэнд хэлсэн” гэж Д.Трамп дурдсан байна.


Өнөөг хүртэлх 100 гаруй жилийн турш Тайланд, Камбож хоёр хилийн маргаантай байгаа бөгөөд нэг бус удаа зэвсэгт мөргөлдөөн дэгдэж байв. Сөргөлдөөний гол шалтгаан нь Прэахвихеа гэдэг хиндү шашны сүм хийдийн цогцолбор, түүний эргэн тойрны газар юм.  


Энэ оны тавдугаар сард тус газарт Камбожийн нэг цэрэг амь үрэгдсэнээс хойш байдал нэлээд хурцаджээ. Тайландын тал маргаантай газар нутагт явган цэргийн эсрэг мина суурилуулсан гэж Камбожийг буруутгаж байгаа юм. Байдал хурцадсаны дараах эхний өдрүүдэд талууд хилийн шугамын хойд хэсэгт харилцан буудалцаж байсан бол өчигдөр Тайландын Khaosod сонинд бичсэнээр, байлдааны ажиллагаа Тайландын амралт сувиллын газрууд байдаг өмнөд хэсэг рүү шилжжээ.


Bangkok Post сонинд бичсэнээр, бямба гарагт Камбожийн цэргүүд далайн эрэг орчмын Трат мужийн нутгаар хил давах гэж оролдсон боловч тэдний оролдлогыг няцааж, ухраасан байна. Байлдааны ажиллагаанд Тайландын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд оролцжээ.  

Related news