УВС: Увс аймаг-Инчон хотын сурагч солилцоо хөтөлбөрт 4 багш, 15 сурагч хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом,
2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Увс аймаг болон БНСУ-ын Инчон
хотын Боловсролын газар, "Он Хаппи" ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд Увс
аймаг-Инчон хотын сурагч солилцоо, Рамсарын конвенцын ус, намгархаг газрын
орчны судалгааны хөтөлбөрт тус аймгаас 4 багш, 15 сурагч энэ сарын 10-15-ны өдрүүдэд хамрагдсан байна.
Тус хөтөлбөрт хамрагдагсад Инчон хотын дунд, ахлах
сургуулиудаар зочлон, 140 орчим сурагчтай хамтарсан судалгаа хийж, экскурс
аялалд явжээ.
Энэ үеэр далайн аялал хийж, эрэг орчмын
экосистемийн онцлог, амьтны болон ургамлын аймгийг судалж, тайлагнах, будааны талбай дахь сээр
нуруугүйтэн амьтдын судалгаа хийх, Инчон хотын байгаль орчны байгууллагын үйл
ажиллагаатай танилцах аялалд хамрагдсан байна. Мөн Зүүн Ази, Австрал-Азийн нүүдлийн шувуудыг судлах
хамтын ажиллагааны төвөөр зочлон, нүүдлийн шувуудын талаарх мэдээлэл сонсох, Инчон хотын орчим дахь хиймэл
нуурт шувуу ажиглах, Эва эмэгтэйчүүдийн их сургуульд зочлон, амьтдын дуу авиа, хөдөлгөөний
тухай лекц сонсож, тус сургуулийн Байгалийн түүхийн музей болон орчин нөхцөлтэй
танилцжээ.
Үүнээс гадна Солонгосын үндэсний түүхийн
музейг үзэж сонирхон, Инчон хот болон Солонгосын түүх, соёлтой танилцсан байна.
Өнгөрсөн жил уг хөтөлбөрийг Увс аймагт хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Инчон хотын Боловсролын газрын судлаачдаар ахлуулсан дунд сургуулийн багш, сурагчдын төлөөлөл хүрэлцэн ирж, Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчидтай хамтран нүүдлийн шувууд болон Увс нуурын ай савын ургамал, амьтны аймгийг судлах ажлыг хийж, судалгааны тайлангаа эмхэтгэн гаргасан байна. Энэ удаагийн судалгааны ажлын тайланг Увс аймгийн сурагчид эрхлэн гаргах юм.