Э.Макрон инфлүүнсэр К.Оуэнсийг шүүхэд өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-07-24 10:33:29

ПАРИС, 2025 оны долоодугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон болон түүний эхнэр Брижит нар лхагва гарагт Америкийн барууны үзэл баримтлагч инфлүүнсэр Кэндис Оуэнсийн эсрэг "нэр хүндэд нь халдсан" гэх үндэслэлээр АНУ-ын шүүхэд ханджээ. К.Оуэнс Францын тэргүүн хатагтайг "эрэгтэй хүн" хэмээн бичсэн байна. 


Макроны гэр бүл Делавэрийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, К.Оуэнс подкастаа сурталчлах, галзуу солиотой” шүтэн бишрэгчдийнхээ хүрээг тэлэхийн тулд худал хуурмаг мэдээлэл цацсан гэж бичжээ. Тухайлбал, 72 настай Брижит Макрон төрөхдөө өөрийн ахын жинхэнэ нэр болох Жан-Мишель Трогнеус гэдэг нэртэй байсан гэх зэргээр хуурамч мэдээллүүд түгээсэн байна.


Макроныхон гэрээсээ гарах бүрдээ тоо томшгүй олон хүн эдгээр бузар булай зохиомол зүйлийг сонссон гэдгийг, цаашлаад олон хүн итгэж үнэмшсэн гэдгийг мэдэх болсон. Энэ бол нэр хүндэд халдсан, хүнлэг бус, туйлын шударга бус явдал юм гэж гомдолд дурджээ. К.Оуэнсээс энэ талаар тодруулахаар цахим шуудангаар холбогдоход хариу өгөөгүй байна. Э.Макроны ажлын алба мөн тайлбар өгөхөөс татгалзжээ. Нийт 22 зүйл бүхий гомдолд тодорхой хэмжээний нөхөн төлбөр, хохирлыг нэхэмжилсэн байна.


Лхагва гарагт шүүхэд гаргасан гомдол нь дэлхийн улс орнуудын удирдагчид нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр шүүхэд хандсан ховор тохиолдлуудын нэг болж байна. Ийм шалтгаанаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Wall Street Journal” сонины эсрэг хэд хэдэн нэхэмжлэл гаргасан юм.

 


Related news