ХОВД: Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ 67.7 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хүн
амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан
сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны ажил Ховд аймагт хэвийн
үргэлжилж байна.
Он гарсаар аймгийн хэмжээнд 61058 хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагджээ. Энэ нь нийт хамрагдвал зохих хүн амын 67.7 хувийг эзэлж буй.
Тодруулбал, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар 5 хүртэлх насны 9385, 6-17 насны 24235 хүүхэд гээд нийт 33620 хүүхдэд үзлэг, шинжилгээ хийжээ.
Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг (БОЭТ), Ач заяа, Мөнх цохилохуй эмнэлэгт 18-30 насны 5507, 31-45 насны 9757, 46-60 насны 7890, 60-аас дээш насны 2865 иргэн гээд нийт 26952 иргэн эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдлаа.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд нүд, шүд, зүрхний эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулжээ.
Үүнд хамрагдвал зохих 2131 хүүхэд байгаагаас нүдний үзлэгт 1265 буюу 59.4 хувь, шүдний үзлэгт 2032 буюу 95.4 хувь, зүрхний үзлэгт 2013 буюу 94.5 хувь нь хамрагдсан байна.
Үүнээс зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлттэй 555 хүүхэд байгаагаас нарийн мэргэжлийн эмч нар 428 хүүхдэд зүрхний эхо шинжилгээ хийжээ. Улмаар зүрхний төрөлхийн гажигтай 16 хүүхэд, хэрэх өвчний шалтгаант хавхлагын эмгэгтэй 48 хүүхэд оношлогдож эмчийн хяналтад авч, зөвлөгөө өглөө.
Мөн 1647 хүүхэд шүдний эмгэгээр оношлогдож, үүнээс 1107 хүүхдийг эмчилгээнд хамрууллаа. Түүнчлэн 120 хүүхдэд нүдний эмгэг оношлогджээ.