Монголын ардчиллыг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-10 17:00:22

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Хорватын парламентын гишүүн тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Хорватын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсэж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийтлэг үнэт зүйлстэйг онцлов. Монгол Улс Хорват Улсыг Европ дахь чухал түншийн нэг хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол, Хорват Улс 1993 оны гуравдугаар сарын 10-нд дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйлсэд тулгуурлан хамтран ажиллаж ирсэн бөгөөд газар зүйн хувьд хол ч нийтлэг үнэт зүйлсийн нэгдэл нь харилцааг ойртуулж буйг тэрбээр дурдав.


УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд 126 гишүүний бүрэлдэхүүнтэй парламент байгуулагдаж, эмэгтэй гишүүдийн тоо 32 болж, парламентын нийт бүрэлдэхүүний 25 хувийг эзэлж байна. Энэ нь парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөр Ази тивдээ тэргүүлэгч орны нэг болсон хэмээн онцлов.


Хорватын парламентын гишүүн Предраг ШтромарМонголын ардчиллыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлээд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим технологийн салбарт хамтран ажиллах оюутан, судлаач солилцох тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл урлагийн төв байгуулах асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн уулзалтын үеэр Монгол Улсад байрлах “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв”-ийг Хорватын санаачилсан “3 тэнгисийн санаачилга”-тай холбох замаар Зүүн Европ руу гарц нээх стратегийн боломж бүрдүүлэх асуудлаар санал солилцсон юм.


Талууд хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхийн зэрэгцээ парламентын бүлгүүдийн шугамаар туршлага солилцох, хамтын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан ярилцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Related news