110 жилийн дараа “Жаргаагүй нар” тайзнаа мандав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-05 13:07:22

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ-ын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн "Жаргаагүй нар" жүжгийн нээлт өчигдөр УДЭТ-т болов.

СГЗ Ш.Гүрбазар зохиолыг нь бичсэн энэхүү жүжгийн найруулагчаар СТА Ч.Түвшин, тайзны ерөнхий зураачаар Г.Алтан-Од, хөгжмийн зохиолчоор УГЗ Б.Бямбабаяр ажиллажээ. Харин их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг залуу жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Д.Пагмадуламын дүрийг жүжигчин Н.Баярмаа бүтээснээс гадна театрын залуу уран бүтээлчид оролцон тоглов.

Энэхүү жүжигт үлгэр домог мэт амьдарч, туурвисан бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд “гэрэлт хөшөө” босгосон  энэ их хүн богинохон хийгээд ээдрээт амьдралдаа хичнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өв соёлыг хойч үедээ үлдээснийг, улс орныхоо төлөө хэрхэн зүтгэж явсныг харуулжээ. Мөн түүний амьдралдаа туулж өнгөрүүлсэн зовлон жаргалаар дамжуулан бүтээн туурвиж асан олон сайхан шүлэг, зохиолыг тайзнаас сонсох болно. Шүлэглэл, уран яруу үг хэллэгтэй энэ бүтээлээс монгол хэл ямар баялаг өв, үгсийн сантай болохыг үзэгчид  биширч байлаа.

Хоёр цаг орчим үргэлжилсэн жүжгийн нээлтийн дараа тус жүжгийн найруулагч, СТА Ч.Түвшин хамтран ажилласан уран бүтээлчдэдээ талархсанаа илэрхийлээд “110 жилийн дараа “Жаргаагүй нар” энэ тайзан дээр дахин мандлаа” хэмээн тодотгов.

Мөн энэ үеэр Монгол Улсын БСШУЯ-наас  УДЭТ-ын жүжигчин А.Чингүнийг  тус яамны жуух бичгээр шагнасныг Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд гардуулан өгсөн юм.

Жүжгийн нээлтийн тоглолтыг үзэхээр тайз дэлгэцийн үе үеийн уран бүтээлчид, ахмадууд, түүний зохиол бүтээлийг шимтэн уншигчид, оюутан сурагчид танхим дүүрсэн байлаа.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Related news