Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл" өнөөдрийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна.
ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Дэлхийн банкны зөвлөх, ахлах эдийн засагч Ян Хуан болон бусад төлөөлөгчтэй өчигдөр уулзаж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцов. Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн "И-Жоб" платформыг нэвтрүүлж, цахим үндэстэн болох зорилтыг хангаж, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээний орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих 50 сая хүртэлх төгрөгийн жижиг зээлийг олгосон нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгө болон орлогоо нэмэгдүүлэхэд нь бодит дэмжлэг болж, 536 хүнийг шинээр ажлын байраар хангаж, 1.119 ажлын байрыг хадгалсан үр дүнтэй байна. 2025 онд төслөөс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй салбарын мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн системүүд, их өгөгдлийг үе шаттай дундын үүлэн дэд бүтэц рүү шилжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг оновчтой хүргэх ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Үүний үр дүнд салбарын мэдээллийг нэгтгэн санг цэгцлэх, Их өгөгдлийг боловсруулах дэвшилтэт системийг бий болгож, төрөөс харилцан уялдаатай цогц бодлогыг үр дүнтэй, хэрэгжүүлэх боломж бүрдэн иргэдийн амьдралын чанарт бодитой эерэг нөлөөг бий болно гэж үзэж байгаа аж.
ГБХНХЯ Дэлхийн
банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон
хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн арга зүйн дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн систем “И-Жоб” платформыг хөгжүүлж
улсын хэмжээнд 2022 онд нэвтрүүлсэн юм.