АСЕАН, Хятад, Булангийн орнууд харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-28 12:12:59

КУАЛА-ЛУМПУР, 2025 оны тавдугаар сарын 28 /NHK/. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/, Хятад улс, Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн анхны дээд хэмжээний уулзалт АСЕАН-ыг даргалж буй Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо боллоо


Дээд хэмжээний уулзалтад Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Булангийн зургаан орны удирдагчид оролцжээ. Талууд бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал, эрчим хүчний аюулгүй байдал, АНУ-ын ногдуулсан татварын бүс нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулсан байна.


Уулзалтын эхэнд Ли Чян бүс нутгийг цаашид нээлттэй болгож, худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр илүү чөлөөтэй, илүү таатай зах зээл болгохын төлөө хүчин чармайлт гаргахыг уриалжээ. Дипломат эх сурвалжийн мэдээлснээр, зарим оролцогч АНУ-ын тарифын арга хэмжээний улмаас дэлхийн эдийн засаг тодорхойгүй болж байгааг цохон тэмдэглэж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. 


Олон талт хамтын ажиллагааг ахиулах, хамтын сорилтыг даван туулахын тулд бүс нутгийн эв нэгдлийг бэхжүүлэхийн чухлыг талууд онцолсон гэдгийг эх сурвалжууд дурджээ. Мөн тэд эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихээр тохиролцсон байна. Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим цаашид эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, бид тогтвортой, тууштай өсөлтийн үндсийг тавьж чадна хэмээн мэдэгджээ.

 


Related news