“Хаан ордны хавар-2025” тусгай хөтөлбөрөөр түүх, өв соёлыг таниулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-27 17:00:30

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Богд Хааны ордон музейгээс “Хаан ордны хавар-2025” тусгай хөтөлбөрийг тав дахь жилдээ зохион байгуулж байна.


Энэ тухай Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар ярихдаа, “Энэхүү тусгай нээлттэй өдрүүдийг жил бүр зохион байгуулсаар тав дахь жилтэйгээ золголоо. Ирсэн үзэгчдэдээ Богдын зоог барьж, аяганы алаггүйгээр веган хоолоор үйлчилдэг. Энэ жил Үндэсний бичиг үсгийн өдөрт зориулан “Бичиг утгын гэгээ” шинэ  үзэсгэлэн гарч буйгаараа онцлогтой. Мөн Өндөр гэгээн Г.Занабазар мэндэлсний 390 жилийн ойн хүрээнд шинээр соён гэгээрүүлэх боловсролын ажлыг хийж байна. Тусгай хөтөлбөрт урлагийн тоглолт, монгол бүжиг багтсан. Жуулчны улирал эхлэхээс өмнө болон хаасны дараа үндэстнийхээ түмэн олонд соён гэгээрэл өгөх, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, өв соёлоо хайрлан хамгаалах зорилготой” гэв. 


Нээлтэй өдрүүдийн үеэр “Бичиг үсгийн гэгээн” тусгай үзэсгэлэн үзэж, “Шар торгон өргөмжлөл”, “Хүслийн таван эрдэм” боловсролын хөтөлбөрт хамрагдан, хааны ордын зоог буюу веган хоолны өдөрлөгт оролцох боломжтой юм.


“Бичиг утгын гэгээ” үзэсгэлэнд Далай лам болон Богдын зарлиг, үсэг бичиг бүхий тамга тэмдэг, төвд монгол хадмал гар бичмэл болон модон барын судрууд, үсэг тэмдэг бүхий эд хэрэглэл зэрэг 30 гаруй үзмэрийг дэлгэжээ. 1925 онд Богд хааны ордноос гар бичмэл ном судрууд нь Монголын үндэсний номын санд байдаг бөгөөд монгол модон бар, гар бичмэлийн фондод хадгалж байна. Түүнчлэн монгол төрийн ой санамжийг агуулсан Богд хааны гадаад харилцааны чухал гэрч баримт болсон захидлын хайрцаг энэхүү үзэсгэлэнгийн онцлох үзмэрийн тоонд зүй ёсоор багтана. Тэгвэл боловсролын хөтөлбөрөөр Богд хааны ордон музейн үзмэрийн дээжис дээр тулгуурлан монгол бичгээр бичсэн үзмэрийг олон нийтэд таниулан сурталчлах, мэдлэг мэдээлэл өгөх аж.


Энэ сарын 27-ноос зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх тусгай хөтөлбөрт өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд үнэ төлбөргүй бол насанд хүрэгчид, оюутнуудад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж. 









Related news