Эдийн засгийн төрөлжсөн өсөлтийг дэмжих түншлэлийн шинэ стратегиа баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк Монгол Улстай 2025-2028 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн шинэ стратегиа хэрэгжүүлж эхэллээ.
АХБ-наас ирэх жилүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хүртээмжтэй, төрөлжсөн өсөлтийг дэмжсэн, тогтвортой хөгжил, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, чадавх, боломжийг нэмэх стратегийн гурван тэргүүлэх чиглэлтэй байна. Ингэхдээ хувийн хэвшлийн оролцоог нэмж, уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврыг багасгаж, засаглал, институцийн чадавхыг бэхжүүлнэ. Мөн дижитал шилжилтийг хурдасгахын зэрэгцээ эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах юм.
Тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шеннон Коулин хэлэхдээ "Түншлэлийн шинэ стратеги нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл, тэр
дундаа Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй нягт уялдсан. Энэ хүрээнд эдийн засагт тулгарч буй гол сорилтыг шийдэхэд
анхаарч, ашигт малтмалын экспортын хэт хамаарал, үүнээс урган гарч буй макро
эдийн засгийн эмзэг байдлыг багасгана. Мөн хувийн хэвшлийн
хөгжлийг дэмжиж, хөдөө аж ахуйн бизнес, санхүүгийн байгууллагууд, сэргээгдэх эрчим хүчний хөгжилд түлхэц үзүүлнэ” гэв.
Дээрх гурван чиглэлийг хөгжүүлэхийн тулд тус бүрд нь төлөвлөгөө гаргана. Тухайлбал, стратегийн эхний тэргүүлэх чиглэлд төрийн байгууллага, макро эдийн засгийн удирдлагыг бэхжүүлэхээс гадна чухал ашигт малтмалын олборлолтыг дэмжиж, зам тээврийн дэд бүтцийг сайжруулан, ложистикийн зардлыг багасгаж, худалдааг хөнгөвчлөх замаар бүс нутаг, дотоодын биет холбоог сайжруулахаар төлөвлөжээ.