Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, хөрөнгө оруулагчдад зориулсан уулзалтыг хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хөрөнгө оруулалт, худалдааны газраас хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт болон хөрөнгө оруулагчдад зориулсан уулзалтыг энэ сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Хөрөнгө оруулалтын санал боловсруулах” сэдэвт сургалтын үеэр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын санал боловсруулах аргачлал, төсөл танилцуулах ур чадвар, хөрөнгө оруулалтын бэлтгэл хангах үе шат болон анхаарах бусад чухал асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Тус газар цаашид оролцогч талуудтай хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлийн арга хэмжээ, сургалтуудыг тогтмол зохион байгуулах ажээ.
Мөн хөрөнгө оруулагчдад зориулсан уулзалт зохион байгуулж, оролцогчдод гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан төрийн үйлчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бизнесийн татварын мэдээлэл, гаалийн үйл ажиллагаа, импортын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд, Монгол дахь арбитрын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Энэхүү уулзалт нь гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн албан хаагчид болон бизнесийн төлөөлөгчидтэй шууд харилцан ярилцаж, асуулт асууж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад зориулсан дэмжлэг, боломжуудыг илүү гүнзгий ойлгох боломжийг олгосон үр өгөөжтэй үйл ажиллагаа болсон байна.



Ulaanbaatar