Д.Бадарсан: Нийслэлийн 84 байршилд шинэ сургууль барих шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 2026-2028 онд 84 сургууль шинээр барих шаардлагатай байгааг судалгаагаар тогтоожээ.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж нийслэлийн сургуулиудын орчин, нөхцөлд судалгаа хийсэн байна. Уг ажлын хэсэг саяхан Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, байршлын судалгааг гаргажээ. Мөн авто замын хөдөлгөөнд нөлөөлөх байдлыг судалж, сургуулийн ачаалал болон шинээр барих сургуулийн байршлын талаар санал солилцсон байна.
Нийслэлийн авто замын
түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийг зохицуулагч Д.Бадарсан, “Нийслэлийн
хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 150 сургуульд 307 мянга гаруй хүүхэд
суралцаж байна. Үүнээс анги дүүргэлтийн стандарт хэтэрсэн болон гурван ээлжээр
хичээллэдэг олон сургууль бий. Иймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд
зургаан дэд төвийг түшиглэн 23 сургууль, гэр хорооллын бүсэд 45, орон сууцны
хорооллын бүсэд 16 буюу нийт 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай
байгаа юм. Уг ажлыг хэрэгжүүлснээр сургуулийн хүртээмж нэмэгдэн, сургалтын
чанар дээшлэхээс гадна зорчих хөдөлгөөн багасах ач холбогдолтой” гэв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, “Энэ хичээлийн жилд манай дүүрэгт төрийн өмчийн 29 сургууль, 71 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Сонгинохайрхан дүүргийн нийт 19 хороонд сургууль байхгүй гэсэн тооцоолол гарсан. Үүнтэй холбоотойгоор 11 байршилд сургууль барихаар төлөвлөсөн. Ингэснээр дүүргийн хэмжээнд сургуулийн хүртээмж стандарт түвшинд хүрэх юм. Энэхүү төлөвлөсөн байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажил шийдэгдвэл газар чөлөөлөх ажлыг эхлүүлнэ” хэмээв.