Талын Манхан, Баянцагааны нуруунд археологийн малтлага, хайгуулын ажил хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-19 16:16:54

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол, Оросын хамтарсан археологийн экспедицийн малтлага, хайгуулын ажил энэ сарын 17-нд эхэллээ.


Монгол Улс, ОХУ-ын төрийн тэргүүн нарын “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх” тухай 2024 оны яриа хэлэлцээрт Халх голын байлдааны тулалдааны талбарт хамтарсан хайгуулын экспедиц байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ нь Халх голын байлдааны талбар буюу Дорнод аймгийн Халхгол суманд хамтарсан хайгуулыг эхлүүлж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг илрүүлэх, мөнхжүүлэх, ОХУ-ын талд тухайн үеийн Улаан армийн амь үрэгдсэн дайчдын дурсгалыг шилжүүлэн өгөх, цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой юм.


Экспедицийнхэн Ремизовын өндөрлөг болон Талын манхан, Баянцагааны нуруунд археологийн малтлага, хайгуулын ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын талаас 116 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагч, ОХУ-аас 35 судлаач оролцож байгаа аж.


Малтлагын ажлыг Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр удирдаж байна. Экспедицийнхэн малтлага эхэлснээс хойш тулалдаанд амь үрэгдсэн 12 цэргийн шарилыг илрүүлж, хориглолтын шуудуунаас 60 гаруй  гранат, тэсэрч дэлбэрэх зэвсэг олсон тухай Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 


Related news