Гал зогсоох хэлэлцээ эхэлснийг ХАМАС баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-18 09:39:08

ДОХА, 2025 оны тавдугаар сарын 18 /DW/. Израилын талтай “ямар ч урьдчилсан нөхцөл болзолгүйгээр” хэлэлцээ хийх шинэ үе шат Доха хотод эхэлсэн гэж ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан мэдэгдээд, уг хэлэлцээ нь Газын зурвас дахь дайныг зогсоох зорилготой гэдгийг нэмж хэлжээ.


ХАМАС-ын өндөр албан тушаалтан Тахер аль-Нунугийн мэдэгдсэнээр, энэ удаагийн хэлэлцээ аль аль талаас ямар нэгэн нөхцөл болзол тавихгүйгээр эхэлсэн бөгөөд хэлэлцээний үеэр бүх асуудлыг хэлэлцэхэд нээлттэй байгаа гэжээ. “ХАМАС бүх асуудлаар, ялангуяа дайныг зогсоох, Израилын цэргийг гаргах, барьцааны хүмүүсийг хоригдлуудаар солилцох зэрэг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэх болно” гэж тэрбээр хэлсэн байна.


Гуравдугаар сарын 18-нд Израилын тал Газын зурвас дахь байлдааны ажиллагаагаа дахин эхлүүлж, бүслэлтээ эрчимжүүлснээр тус зурваст хоёр сарын турш үргэлжилсэн гал зогсоох хэлэлцээр дуусгавар болсон юм. Түүнчлэн дайныг түр хугацаагаар зогсоох бусад оролдлого ч бүтэлгүйтсэн байна.


Израилын тал хүмүүнлэгийн тусламжийг тус нутаг дэвсгэр лүү нэвтрүүлэхгүй байгаа нь хоол хүнс, цэвэр ус, түлш, эмийн хомсдолд хүргэж, өлсгөлөн газар авч байгааг НҮБ-ын агентлагуудын зүгээс анхааруулсаар байна. Харин Израилын Батлан ​​хамгаалахын сайд Исраэль Катз мэдэгдэхдээ, байлдааны ажиллагааг эрчимжүүлсний дүнд ХАМАС бүлэглэлийнхнийг хэлэлцээний ширээний ард эргүүлэн авчирлаа гэв.


Аливаа хэлэлцээр нь дайныг бүрмөсөн зогсоож, Израилын цэргийг Газаас гаргах ёстой гэсэн байр суурийг ХАМАС хатуу баримталж ирсэн тул дайныг зогсоох зорилготой өмнөх хэлэлцээнүүд төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Газад барьцаалагдсан Израилын иргэдийг суллах хэлэлцээ мөн үргэлжилж байна. Хэлэлцээ хийх багийг Катарын нийслэл рүү явахыг үүрэг болгосон гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ долоо хоногт мэдэгджээ. 

Related news