Дэлхийн цахим боловсролын чуулга уулзалтад Боловсролын сайд П.Наранбаяр оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-15 15:03:27

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын хөгжил ба шинэчлэл: Оюун ухааны эрин үе” сэдвийн дор БНХАУ-ын Ухань хотноо болж буй чуулганд оролцож, туршлага судлав.


Тэрбээр чуулганы үеэр Ухань хотын Биеийн тамирын их сургуулийн захирал ноён Чен Жипинтэй уулзаж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны явц, ирээдүйн төлөвлөгөөний талаар санал солилцов. Уг сургууль Боловсролын их сургуулийн харьяа Биеийн тамирын дээд сургуультай хамтран ажилладаг бөгөөд ондоо багтаан хоёр сургуулийн оюутнуудын дунд нөхөрсөг спортын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлсэн юм.


Мөн энэ үеэр зохион байгуулсан үзэсгэлэнд зочлон, хиймэл оюун ухааны чиглэлээр хийгдэж буй шинжлэх ухаан, технологийн дэвшил боловсролын салбарт хэрхэн нэвтэрч, түүний хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж буйтай танилцлаа.


Энэхүү чуулга уулзалт нь дэлхийн улс орнуудын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цахим шилжилтийг дэмжих, туршлага солилцох зорилготой юм. “Сургалт-Суралцахуй-Удирдлага-Үнэлгээ-Судалгаа” зэрэг боловсролын бүх түвшинд дижитал шийдэл, технологийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх талаар оролцогч талууд хэлэлцэх юм.

Чуулганд 70 гаруй орны төр, засгийн газрын төлөөлөгчид, НҮБ болон олон улсын байгууллагууд, элчин сайд нар, дижитал технологийн мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн судлаачид, ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролын сургуулиудын төлөөлөгчид оролцож байна.

 

 

 

 

 

Related news