“Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно.
Энэхүү хурлыг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй техникийн төслийн дэмжлэгтэй зохион байгуулах юм.
Тус хурал 2026 онд Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлын бэлтгэл алхам болж, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдлын харилцан хамаарлыг харуулсан бүс нутгийн төдийгүй олон улсын санал санаачилга, сайн туршлага солилцох замаар Монгол Улсын сайн туршлага, тулгамдаж буй асуудалд олон талын шийдлийг санал болгох ач холбогдолтой юм.
Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол Улсын Их хурлын гишүүн, Байгаль, орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж буй бөгөөд бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн ээлжит хурлаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр урьдчилсан зөвлөлдөх уулзалтын үр дүн болон олон улсын хурлын бэлтгэл ажлын явцын талаар танилцуулж, санал солилцжээ.