Унгарын 16 настай хоккейчин ДАШТ-д оролцож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-11 12:40:33

СТОКГОЛЬМ, 2025 оны тавдугаар сарын 11. /ТАСС/. Унгарын шигшээ багийн довтлогч Доман Сонгот 1949 оноос хойш хоккейн ДАШТ-д оролцож буй хамгийн залуу тоглогч болжээ.


Тэрбээр тус тэмцээний хэсгийн шатанд Германы шигшээтэй хийсэн тоглолтын үеэр 16 нас 11 сар 2 хоногтойдоо мөсөн талбайд гарсан байна. Тэгвэл 1949 онд болсон ДАШТ-ий үеэр Норвегийн шигшээ багийн довтлогч Лейф Сульхейм 16 нас 6 сар 29 хоногтойдоо тоглолтод оролцож байв. Сульхейм Норвегийн “Фурусет” клубт тоглож байсан бөгөөд 2024 оны долоодугаар сард 92 настайдаа таалал төгсжээ.


Залуу хоккейчин Д.Сонгот Финландын "КооКоо" клубт тоглодог бөгөөд энэ улирлын Финландын аварга шалгаруулах тэмцээнд 20 хүртэлх насныхны шигшээгийн бүрэлдэхүүнд 37 тоглолтод оролцохдоо 9 шайб оруулж, 7 оновчтой дамжуулалт хийсэн байна.


Энэ удаагийн ДАШТ-ий хэсгийн шатны эхний тоглолтод Германы баг Унгарын шигшээг 6:1-ээр бутниргэсэн бөгөөд германчууд В хэсгийн дараагийн тоглолтоо Казахстаны багтай хийх бол унгарчууд АНУ-ын шигшээтэй учраа таарчээ. А хэсэгт Шведийн шигшээ баг австричуудыг 4:2-оор хожсон байна.


Энэ удаагийн ДАШТ Швед ба Дани улсуудад 5 дугаар сарын 9-нээс 25-нд болж байгаа юм. Өнгөрсөн онд Чехийн шигшээ Швейцарын багийг 2:0-ээр хожсоноор дэлхийн аварга болжээ. Олон улсын хоккейн холбооны шийдвэрээр дэлхийн 5 удаагийн аварга ОХУ-ын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д оролцохгүй.  

Related news