СЭЛЭНГЭ: Түймрийн голомтод 457 хүн, 46 авто машинтай ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-06 15:22:50

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг сумын нутагт гарсан ой, хээрийн 2 түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд зэрэг нийт 457 хүн, 46 авто машинтай үүрэг гүйцэтгэж байна.

 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан Ерөө, Түшиг суманд ажиллаж, гал түймрийг унтраахад удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна.

 

Харин Ерөө сумын “Буурагчин” 2 дугаар баг, "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар гарсан гал түймрийн голомтод Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, иргэдээс бүрдсэн баг ажиллаж байна.

 

Мөн нэмэлтээр Хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан алба хаагчид Түшиг сумын түймрийн голомтод ирж үүрэг гүйцэтгэж байна.

 

Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны А/91 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсэг, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас тус тус ой, хээрийн түймрийн голомтод шаардлагатай арга хэмжээг авч, бульдозероор зогон татаж байна.

 

Related news