Академич Ж.Хайрулла “Хубилай хаан” медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-11-01 12:47:32

Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Ж.Хайруллаг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр гардуулан өглөө.

Академич Ж.Хайрулла нь 1956 оноос эхлэн Шастины нэрэмжит III эмнэлэгт ажиллан Монголын мэдрэлийн мэс заслын түүхийг бичилцсэн билээ. Тэрбээр мэдрэлийн анхны мэс заслыг монголд нэвтрүүлэн 1966 онд тархины анхны мэс заслыг ганцаараа хийсэн хүн юм. Мөн 20 гаруй мянган хүнд мэдрэл, нуруу нугасны мэс засал хийсэн алтан гарт эмч бөгөөд түүний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг ийнхүү үнэлэн тус медалиар шагнасан юм.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар, Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн, ШУА-ийн Эрдэм шинжилгээ, мониторингийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан, ШУА-ийн Төрөлжсөн академиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Бурмаажав нар байлцав.

Ж.Болор

Related news