БУЛГАН: Даншгийн хүчтэнүүдээс эхтэй дайчин вангийн бөхчүүд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймгаас төрөн гарсан алдар цуутай бөхчүүдийн хөшөөг 2006 онд баатруудын Сансар цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан байна.
Ах дүү даншгийн аварга
Түшээт хан аймгийн Дайчин Чин вангийн хошуу буюу одоогийн Булган аймгийн Сайхан сумын уугуул Шагдарын Лувсанжамбаа, Намхай хэмээх ах, дүү хоёр бөх долоон хошуу даншиг болон арван засгийн наадмуудад олон жил гайхамшигтай сайхан барилдаж хоёул дархан аварга цол хүртэж монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн алдар цуутай ах дүү аваргууд юм.
Алдарт Ш.Намхай аваргын төрсөн ах аварга Ш. Лувсанжамбаа 1901 оны даншиг наадамд 11 давж түрүүлэхэд “Чин ачит үнэн бишрэлт дархан аварга“ цол олгожээ. Түүний төрсөн дүү Ш. Намхай 1896 оны даншигт 1032 бөх барилдахад 11-ийн даваанд Дугар аваргыг хаяж “Маш гайхамшигт далай даян аварга“ цол, 1897 оны даншигт 1032 бөх барилдахад 11-ийн даваанд мөн л Дугар аваргыг давж түрүүлэн “Саруул сайжрах, даяар үзэсгэлэнт дархан аварга“ цол хүртжээ.
Үндэсний спортын ууган гавьяат
Үндэсний спортын ууган гавьяат мастер далай даян дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж Булган аймгийн Хангал сум хуучнаар Түшээт хан аймгийн хүн. Улам нэмэх, үнэн дэлгэрэх, бат нягт, үнэн хүчит өрнөн дэлгэрэх, улс даяар дуурсах, шалгарсан бат хүчит, улам баясуулагч, харилтгүй хүчит, олныг баясуулагч түмнээс төгөлдөр, далай даян, дархан аварга цол чимэгтэй. Улсын наадамд 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онд 7 удаа түрүүлж 1944, 1951 онд үзүүрлэн, 1940, 1948, 1955-1959,1967 онд 8 удаа шөвгөрчээ. Монголын тамирчдаас "Спортын гавьяат мастер" цолыг анхлан хүртсэн болохоор ууган гавьяат тамирчин хэмээн алдаршсан бөгөөд гараа дэвээ сайхан, бие бялдар тэгш бөх ажээ. Суйлах, хөлд ороход нь дарах дархан мэхтэй ажээ.