Авлигад өртөх магадлалаар БХБЯ бусад яамдаас тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-28 12:45:59

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Ерөнхийлөгчийн зүгээс уг тогтоолын төслийг 2015 оны 11 сард өргөн барьсан. Хөтөлбөрийн төсөл нь 8 бүлэгтэй бөгөөд Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх,  Худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг үндсэн 12 чиглэлтэй байхаар үзэл баримтлалд тусгажээ.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Өнгөрсөн хугацаанд хийсэн томилгоотой холбоотой лавлагааны явцыг харахад тухайн салбартаа мэргэшсэн хүн томилогдохгүй байгаа үзэгдэл харагдаж байна. Мэргэшсэн удирдлагаар хангах гэхээр ямар нэг бизнес эрхэлдэг гэдгээр нь томилдоггүй байж болохгүй. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зохицуулалтад анхаарах цаг болжээ" гэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "АТГ-аас лавлагаа авдгаа болих хэрэгтэй. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс эхэлж тодордог. Дараа нь Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтад тэнцүүлдэг жүжгээ болих хэрэгтэй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, "Хөтөлбөрийг ерөнхий агуулгаар нь дэмжиж байна. Гэхдээ найруулгын хувьд эргэж харахаар байна. Давхардал ихтэй, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй санаанууд цөөнгүй байна" гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар эцсийн хэлэлцүүлгийн шатанд найруулгын хувьд анхаарахгүй бол буруу ойлгогдохоор байна гэсэн саналтай байгаагаа хэллээ.

АТГ-ын дарга Х.Энхжаргал гишүүдийн асуултад хариулах үеэр “Авлигын эрсдэлд өртөх магадлалтай салбарыг иргэний байгууллагын судалгаагаар тодорхойлж гаргадаг. 2015 оны байдлаар авлигад өртөх эрсдэл бүхий салбарын жагсаалтад яамдаас Барилга хот байгуулалтын яам тэргүүлж, удаад нь Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд тус тус орсон байна. Харин агентлагуудаас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг нэгдүгээрт жагсаж удаад нь АМГ, ГЕГ мөн багтсан. Харин аймгуудаас Баян-Өлгий, Завхан, Дундговь, Өмнөговь багтсан” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж одоо зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.

Б.Туул

Related news