Ахмадууд өргөөтэй, иргэд ахуй үйлчилгээтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-25 15:04:10

Дорноговь аймгийн Эрдэнэ сум ахмад настнуудад зориулсан ахмадын өргөө, иргэд олон нийтийн эрэлт хэрэгцээнд зориулсан ахуй үйлчилгээний барилгатай боллоо.

Дээрх барилгыг орон  нутгийн төсвийн 186 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийн, эхний үйлчлүүлэгчдээ хүлээн авчээ.

Ахмадын өргөөтэй болсноор сумын төвд амьдардаг ахмадууд хүссэн үедээ очиж тоглож наадаж, ярилцаж суух боломжтой  болсон бол иргэд ахуй үйлчилгээний төвөөр үйлчлүүлж эмийн сан, үсчин гоо сайхан, халуун ус зэрэг өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээ авах боломж бүрдэв. Мөн тус сумын ИТХ, ЗДТГ-аас ахмад, дунд, залуу үеийг хамруулсан “Гурван үе”-ийн чуулганыг энэ өдөр  зохион байгуулжээ.

Ахмад үеэсээ суралцах,  ажлын арга туршлагыг  нь сонсох, залуу хойч  үеэ бэлтгэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дээрх уулзалтад нийт 250 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.  

Х.Эрдэнэбулган

Related news