ДУНДГОВЬ: Брайл үсгээр хэвлэсэн үлгэрийн болон түүхийн номоор фондоо баяжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-14 15:15:49
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ардчилсан шинэ үндсэн хуулийн 33 жилийн ойг тохиолдуулан С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сангаас үндсэн хуультай холбоотой ном, товхимол болон брайл номын  үзэсгэлэн дэлгэв.


2019 оноос эхлэн жил бүрийн нэгдүгээр сарын 4-нийг Харааны бэрхшээлтэй иргэдийн бичиг болох брайл үсгийн өдөр болгон тэмдэглэх болжээ. Энэхүү өдрийн гол зорилго нь брайл үсгийн боловсрол, тус бичгийг ашиглан бичсэн ном, гарын авлага, сурах бичиг, тэмдэглэгээг нэмэгдүүлэхийг дэмжихээс гадна брайл үсгийг харилцаа холбооны чухал хэсэг болохыг ойлгуулж, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудалд анхаарлаа хандуулах явдал юм.


Тус номын сангаас энэхүү өдрийг шинэ үндсэн хууль батлагдсан өдөртэй хамтатган ийнхүү тэмдэглэсэн байна.   

Дундговь аймгийн төв номын сангаас сүүлийн жилүүдэд номын фонддоо харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл үсгээр бичсэн ном, товхимлоор баяжилт хийж байгаа ба хамгийн сүүлд “Монголын нууц товчоо” 4 боть номыг худалдан авчээ. Номын санч Ц.Оюунжаргал "сүүлийн үед иргэд түүхийн номоо уншиж судлах нь нэмэгдсэн төдийгүй үлгэрийн ном их сонирхон уншдаг" хэмээн онцолсон. 


Үзэсгэлэнгийн үеэр харааны бэрхшээлтэй иргэд, тусгай хэрэгцээт иргэдийн дунд асуулт хариултын "АХА" тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд тус холбооны гишүүн В.Нарангэрэл түрүүлж, Ц.Оюунчимэг удаалжээ. 













Related news