Хүчингүй болсон Сонгуулийн хуулийн заалтуудыг нийтлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-20 19:13:58

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг нийтэлсэн байна.

“Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн юм. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийг дээрх хуулиар хүчингүй болсонд тооцсон байна.

Түүнчлэн өнөөдрийн дугаарт Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолууд, Монгол Улсын 2016 оны төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.

Н.Туяа

Related news