БУЛГАН: Иргэний цуглуулга улсын түүхийг өгүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-11-22 18:06:19

Булган, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/.  "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Соёлын төвөөс зохион байгуулж буй "Нэг өдөр-2024" уралдаант тэмцээнд ЕБС болон Засаг даргын тамгын газрын хамт олон оролцлоо.


Цаашид хуваарийн дагуу Бялзуухай цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Худалдаачид гэх мэт байгууллагууд оролцож мэндчилгээ, дуу, бүжиг, хошин шог, уран бичлэг, үнэт цуглуулгаараа өрсөлдөв.


Тэмцээний "Миний гэр, миний музей" үзэсгэлэнд Засаг даргын тамгын газрын ажилтнуудын болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын сонирхлоороо цуглуулсан цуглуулга хамгийн сонирхолтой хэсэг байлаа.


ЗДТГ-ын нярав П.Сарантуяагийн “1980-аад оны шаазан эдлэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, Сургуулийн эмч А.Ариунтуяагийн "Орон орны марк", Сургуулийн захирал Ч.Алимаагийн "Заанууд", Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Ариунсарнайгийн "Матрушка" зэргийг иргэд ихээхэн сонирхож байлаа. Мөн монгол төгрөг, орон орны мөнгөн дэвсгэрт,  үзвэрийн тасалбар, оёдол хатгамал гэх мэт хоббигоороо цуглуулж, нямбайлан хадгалдаг нь он цагийн дурсамжийг сэрээсэн ажил боллоо.  


Сайхан бичгийн уралдаанд байгууллага бүр кирилл болон үндэсний бичгээр бүтээлээ ирүүлсэн бөгөөд үндэсний бичгээр илүү цэвэрхэн бичиж, бийрэн бичлэгээр идэвхтэй суралцах сонирхолтой байгаа нь харагдаж байлаа. 

 

















Related news