БУЛГАН: Мод үржүүлгийн чиглэлээр 21 аж ахуйн нэгж ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-11-18 15:28:18

Булган, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймаг 2021-2024 онд урьдчилсан байдлаар үрээр болон тарьц суулгацаар  40 774 64 мод тарьж ургуулж байна.


Булган аймгийн хэмжээнд 20 сая мод тарихаар төлөвлөсөн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу мод тарих болон мод үржүүлгийн газар байгуулах байршлыг сум, орон нутагтаа шийдвэрлэн, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мод тарих тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэн хангах ажлыг сумын Засаг дарга, Сум дундын ойн анги, мэргэжлийн байгууллагын эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд даалгасан байна.


2023 онд Ойн газрын мэргэжилтнүүд, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангиудтай хамтран тооллого, бүртгэл хийж гүйцэтгэхэд Булган аймагт Мод үржүүлгийн чиглэлээр 21 аж ахуйн нэгж, 7 иргэн 35,5 га талбайд 25 зүйлийн 3 870 014 мод тарьсан байна.


Үүнд: Дашинчилэн суманд 1 аж ахуйн нэгж 0,5 га талбайд 12 зүйлийн 9600 тарьц, суулгац үржүүлж, 11 кг үр тарьсан. Баяннуур суманд 1 аж ахуйн нэгж 1 га талбайд 8 зүйлийн 9740 тарьц, суулгац үржүүлсэн.  Булган суманд 3 аж ахуйн нэгж, 1 иргэн 10,2 га талбайд 16 зүйлийн 512027 ширхэг тарьц, суулгацыг үржүүлж, 110,5 кг үр тарьсан. Хутаг-Өндөр суманд 2 аж ахуйн нэгж 1,7 га талбайд 6 зүйлийн 25000 тарьц, суулгацыг үржүүлсэн. Орхон суманд 1 аж ахуйн нэгж 2,5 га талбайд 5 зүйлийн 1471500 тарьц, суулгацыг үржүүлж, 20 кг үр тарьсан. Хангал сумын Хялганат тосгонд 12 аж ахуйн нэгж 6 иргэн 12,6 га талбайд 18 зүйлийн 1701045 тарьц, суулгацыг үржүүлж, 89,55 кг үр тарьсан. Сэлэнгэ суманд 1 аж ахуйн нэгж 2 га талбайд 10 зүйлийн 141102 тарьц, суулгацыг үржүүлж, 36 кг үр тарьсан байна.


Энэ намрын мод тарилт “Тэрбум мод таны тарьсан нэг модоос эхэлнэ” уриатай явагдсан бөгөөд урьдчилсан дүнгээр 16 сум, 1 тосгоны хэмжээнд 207450 мод тариад байна.




Related news