АҮЭБ-ийн сайд Ц.Туваан олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалтад оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Арван нэг дэх жилдээ зохион байгуулж буй олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалт Австралийн Сидней хотноо болж байна.
Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон оролцогч талуудыг нэгтгэсэн уг үйл ажиллагаанд Монгол Улсаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүд, уул уурхайн ТӨҮК-иудын удирдлагууд, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын төлөөлөл, Элчин сайд Д.Даваасүрэн, хатагтай Кэти Смит нар оролцож, Монголын хөрөнгө оруулалтын боломж, хууль эрх зүйн орчныг танилцуулахаас гадна томоохон төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн төслүүдийн явцыг танилцуулж байна.
Чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагч нарт сурталчлах зорилгоор “Монголын өдөр” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.
Чуулганы нээлтийн хэлэлцүүлгүүд “Чухал ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээг байгуулах нь” сэдвээр өрнөж байна.
Энэхүү сэдвээр ногоон технологи болон эрчим хүчний шилжилтийг түргэсгэхэд нэн чухал эрдсүүдийн тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох шаардлагыг онцолж буй юм.
Энэ сарын 29-31-ний өдрүүдэд үргэлжлэх “IMARC 2024” чуулга уулзалтад 300 гаруй компани, түүний дотор 90 гаруй уул уурхайн компани оролцож, салбарын хамгийн сүүлийн үеийн шинэчлэл, хөгжлийг танилцуулж байна. Мөн салбарын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх өргөн боломжийг 9000 гаруй оролцогчдоо олгох юм.
Монгол Улс “IMARC 2024” чуулга уулзалтад идэвхтэй оролцсоноороо олон улсын түншлэлээ хөгжүүлэх, дэлхийн уул уурхайн салбарт эзлэх байр сууриа бэхжүүлэх эрмэлзлээ мөн илэрхийлж байгаа тухай АҮЭБЯ-наас мэдээллээ.