Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөж, мод тарилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-12 19:48:09

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөгчид Туркменистаны “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Туркменистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтав. 118 метр өндөр уг хөшөөг 2001 онд Ашхабад хотноо сүндэрлүүлсэн бөгөөд хөшөөний өмнө Туркменистаны анхны Ерөнхийлөгч С.Ниязовын алтадмал хөшөө байдаг аж.

 

Цэцэг өргөсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүндэт зочдын төгөл”-д хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн мод тарилаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр энэ удаагийн айлчлалын үеэр тохирсон юм.


Энэхүү “Хүндэт зочдын төгөл”-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.

 

Related news