Э.Ариунтунгалаг:“Хүүхэд дүүргэх ёстой сав биш, дүрэлзэх ёстой бамбар” гэдгийг зорилгоо болгодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-10-14 14:46:57

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит  “Аймгийн тэргүүн”-ий бүрэн дунд сургуулийн монгол хэл уран зохиолын багш Э.Ариунтунгалагтай ярилцлаа. Тэр “Хүмүүн бичиг” сонины нэрэмжит “Монголын сайхан бичигтэн-2015”  улсын 19-р уралдаанд бэлтгэсэн анги маань 2-р байранд орж, ӨМӨЗО-д аялаад иржээ.

-“Монголын сайхан бичигтэн-2015” улсын уралдаанд таны бэлтгэсэн ангийн амжилт, ямар сэдвээр бүтээлээ оролцуулсан талаар яриагаа эхлэх үү?

-Миний даасан 9а анги үндэсний бичгийн хичээлийг гүнзгийрүүлэн судалсан. Амжилтаас нь дурдвал, 2013 онд “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд бичлэгийн бус төрлөөр “Монгол ахуй” бүтээлээр аймагт 2-р байр, “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч-2015” улсын уралдаанд аймагт 1-р байр, улсад 2-р байрыг эзэлсэн. Мөн “Хүмүүн бичиг” сонины нэрэмжит “Монголын сайхан бичигтэн-2015” уралдаанд 2-р байр, “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч-2016” уралдаанд 1-р байрыг тус тус эзэлсэн амжилттай. Эдгээр нь бүгд “Анги нийтийн төрөл”-өөр үзүүлсэн амжилтууд юм.

-Ер нь хэд дэх жилдээ багшилж байна. Төгссөн сургууль болон монгол хэл бичигт сургасан, мэргэжлээ энэ чиглэлээр сонгоход нөлөөлсөн багш нараа дурсвал?

-Би  балчир ахуйдаа Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багт амьдардаг байлаа. Одоогийнх шиг гэрэл цахилгаан огт байхгүй. Үзэх зурагт, радио нь өдрийн од шиг. Мэдээлэл дамжуулах хэрэгсэл нь ганцхан ном байсан учраас “Монголын хүүхдийн уран зохиолын дээжис”, “Монголын шилдэг яруу найраг”, З.Доржийн “Шаазгайн хэл сурсан минь” зэрэг зохиолын номуудыг их уншдаг байлаа. Чухам энэ үеэс л надад эх хэлээрээ бахархах сэтгэл төрж, улмаар монгол хэлний багш болохоор шийдсэн. Хутаг-Өндөр сумын дунд сургуульд Г.Баярмаа гэдэг мундаг их мэдлэгтэй багш хичээл заадаг байлаа. Энэ л багшийнхаа үлгэр дуурайллаар их сургуульд орж, МУБИС-ийг 2004-2008 онд Монгол хэл-Уран зохиолын багш мэргэжлээр суралцаж төгссөн. Их сургуульдаа Ц.Өнөрбаян, С.Хөвсгөл, Л.Жумдаан, Б.Энхээ, Р.Чүлтэмсүрэн, Д.Оюунбадрах, Ш.Гүндалай, Ж.Санжаа, Ц.Оюун, А.Цог-Очир, Ш.Баттөгс, Д.Батцогт, Г.Сүхбат, С.Амартөвшин гээд л боловсролын салбарын чиглүүлэгч хүчин болсон энэ сайхан багш нараар хичээл заалгасан минь нэгэн насны зол байсан гэж боддог оо. 

2008 оноос өдгөөг хүртэл төрөлх Хутаг-Өндөр сумынхаа Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит “Аймгийн тэргүүн”-ий бүрэн дунд сургуульд 8 дахь жилдээ багшилж байна.

-Та “Монголын сайхан бичигтэн” уралдааны шагналын дагуу саяхан ӨМӨЗО-д аялаад иржээ. Явсан газрынхаа сонин сайхнаас хуваалцана уу?, Олуулаа явсан уу?.

-Монголоос байр эзэлсэн 3 багш явсан. Сэтгүүлч, сурвалжлагчдын багтай нийлж нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр явсан. Үзэж харсан, сонссон, сурсан зүйл маш их байлаа. Энд тэмдэглүүштэй нь эх түүх, удам судар, бичиг соёлоо дээдлэн  их гүрэнтэй эн зэрэгцэн хөгжиж буй Өвөрмонгол түмнээр өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн шүү.

-“Хүмүүн бичиг” сонины зөвлөл амласнаа биелүүлж, та ч шавь нарынхаа ачаар хилийн чанадад аялаад иржээ. Сэтгэгдэл ямар байна?

 -Тийм ээ.. “Багш” мэргэжлийн сайхныг улам бүр мэдэрч, сэтгэгдэл маш өндөр байна. Б.Элбэгзаяа эрхлэгчтэй “Хүмүүн бичиг” сонины хамт олон амлалтаа биелүүлсэн. Энэхүү аялал төдийгүй улсын уралдааныг чадварлаг зохион байгуулсан Элбэгзаяа багшдаа баярласан талархсанаа илэрхийлье.

-Таны явсан газрууд буюу ӨМӨЗО-д үндэсний монгол бичгээ хэрхэн сургаж, хэрэглэж байна вэ?, Монголдоо энийг л хэрэгжүүлмээр юм байна гэж харсан ололттой тал юу байв?

-Хамгийн чухал нь монгол бичгийн хэрэглээ. Үндэсний албан ёсны бичиг нь монгол бичиг учраас Өвөрмонгол хүн бүр монгол бичгээрээ бичнэ. Ном сэтгүүл, сурах бичгүүд нь бүгд монгол бичгээр хэвлэгддэг байхад, манайд бол ганцхан “Хүмүүн бичиг” сонин, тоотой хэдэн гарын авлага, сурах бичиг л монгол бичгээр хэвлэгддэг. Энэхүү хязгаарлагдмал байдлаас болж нийт ЕБС-иудын сурагчдын үндэсний бичгээ сурах судлах үйл нь явцуурч байна. Хөдөө орон нутгийн хувьд бол сурах бичгээс гадна, Хүмүүн бичиг сонин, Ү.Ариунболд багшийн “Уншлагын сурах бичиг” хоёр л хүүхдүүдэд хүрч байна. Энэ тал дээр яам болон төр засаг анхааран дорвитой арга хэмжээ авч үндэсний бичгээр хэвлэгддэг сонин сэтгүүл, ном товхимолуудыг  шил дараалан гаргана гэдэгт итгэж байна. 

-Сургууль соёлын газраар нь оров уу? Өвөрмонгол хүүхдүүд монгол хэл бичгээ хэрхэн сурч судалдаг юм бол?

-Бугат хотын Халиутын олон улсын бага сургуультай танилцсан. Сургалтын орчин нь сайн хангагдсан байдаг юм билээ. Мэдээж их гүрний ханз бичигт үндэсний бичгээ уусгахгүйн үүднээс бага балчраас нь маш сайн заадаг байх.

-Байгалийн онцлог болоод хүмүүсийнх нь аж амьдрал, хөгжил дэвшлийн тухай яривал...

-ӨМӨЗО нь БНХАУ-ын умард хэсэгт 1.183 сая кв км талбайд байрлаж, Хятадын эх газрын нийт нутаг дэвсгэрийн 1/8 хувийг эзэлдэг. Байгалийн байдал нь цөлөрхүү тал газар их үргэлжилдэг, хараа цуцам тэр их хээр талд алхам тутамд хүний гараар бүтсэн “ногоон орчин” сүндэрлэх юм билээ. Энэ бол жинхэнэ хөгжил дэвшил. Хүн бүхэн жил бүр сайн дураараа мод тарьдаг гэнэ. Тарихдаа ганц биш 30,40-өөр нь тарьж, тарьсан модыг нь  арчилж үржүүлдэг тусгай ажилчид хариуцан ажилладаг юм байна. 

-Мэргэжлийн хүний хувьд монгол бичгийн онцлог, ондоошилтой талыг хэрхэн тодорхойлох вэ? Бид яагаад заавал монгол бичгээ сурч хэрэглэх ёстой юм бэ?

-Даяаршлын энэ их эрин зуунд уламжлалаа тээж ирээдүйд өвлүүлж чадахгүй юм бол үндэстэн мөхнө гэж би хувьдаа боддог. Тиймээс бид оюуны соёлын биет болон биет бус өвөө маш сайн хамгаалах хэрэгтэй. Тэр тусмаа үндэснийхээ бичиг соёлыг маш сайн дэлгэрүүлэх шаардлагатай байна. Хоёр орны бичгийн хувьд зөв бичих дүрэм болон бичлэгийн тигийн хувьд бага зэрэг ялгаатай зүйл ажиглагддаг ч тухайн ахуй нөхцлөөс шалтгаалсан зүйл биз.

-Булган  аймаг монгол хэл бичгээ дээдлэх, сургах, хэрэглэх талаар ямар түвшинд хэрхэн ажиллаж байна вэ? таны бодлоор...

-Булган аймгийн хувьд Үндэсний бичиг соёлын өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг. Мэргэжлийн багш нараа чадавхжуулах талаар их анхаарч жилд 2 удаа уран бичлэгийн сургалтыг авдаг. Мөн монгол бичгийн багш сурагчдын олимпиадыг уламжлал болгон зохиож хэвшсэн. Анхлан суралцагчдад “Мэддэгт мэргэн цоохор” тэмцээнийг жил бүр явуулдаг. Түүнчлэн аймгийн монгол хэлний багш нарт зориулсан улирал тутмын сонин хэвлэгдэх гэж байна. Уг сонины нэг нүүрийг монгол бичгээр бичихээр тогтсон.

Манай сургуулийн хувьд цөм хөтөлбөрийн хүрээнд үндэсний бичгээ сурч, судлах ажил ид өрнөж байна. Сумын Засаг Дарга Д.Жаргалсайхан, Сургуулийн захирал Д.Ган-Эрдэнэ нар үндэсний бичгийн сургалт, дугуйланг маш сайн дэмжиж ажилладаг. Сумандаа албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд “Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч Хутаг-Өндөр сум” 1сарын аян зарласан. Их үр дүнтэй болсон гэж дүгнэгдсэн. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно. Мөн манай сургууль “Үндэсний бичгийн брэнд” сургууль болохоор зорилго тавин ажиллаж байна.

-Түрүүлсэн оролцогчид гадаадад аялах эрхээр шагнуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны тухайд, бас уралдааны зохион байгуулагч “Хүмүүн бичиг” сониныхоо тухайд таны бодож явдаг зүйл?

-Энэхүү улсын уралдаан нь маш өргөн цар хүрээг хамарсан нөр их хөдөлмөрийн үр дүн ажээ. Уралдаанд оролцох гэж бэлтгэсэн хэдэн зуун багш, мянга мянган шавь, шүүж тунгаасан эрдэмтэн мэргэд, зохион байгуулсан комисс, ивээн тэтгэсэн албан байгууллага гээд дурдаад баршгүй их ээ. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн үндэсний бичгийн хэрэглээний талаар чамгүй зүйлийг сурч, туршлага судалж ирсэн. Сонины хувьд бол мэдээ мэдээлэл сайтай, гар бичмэлийн болон таталган бичгийн булан нь хэрэглэгдэхүүн болон ашиглагддаг монгол бичгийн хичээлийн салшгүй нэгэн гарын авлага юм. Хүмүүн бичиг сонинг манай анги, анги нийтээрээ 4 дэх жилдээ тасралтгүй захиалан уншиж байна. Зөвхөн сурагчид, оюутнууд гэлтгүй албан байгууллага, ард иргэд нийтээрээ үндэсний бичгээр хэвлэгддэг цорын ганц сониноо захиалж оюундаа хөрөнгө оруулалт хийгээсэй. Энэхүү уралдааныг ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүс олноор гараасай гэж бодож байна.

-Таны шавь нар үндэсний хэл бичгээ хэрхэн сурч судалж байна, сайн шавь нар олонтой юу?

-Манай шавь нар үндэсний бичгээ сурах идэвх сонирхол ихтэй. Уралдаан тэмцээнд оролцоод эхлэхээр өөртөө итгэх итгэлтэй болж дугуйлан сонгонд хамрагдахаас гадна хичээлээ бие даан  судлаад ирдэг. Дашрамд дурдахад, надтай “баг” болон хамтран ажилладаг Д.Мөнхчимэг нь сайн хамтрагч, үзэг нэгт дүү төдийгүй, чадварлаг багш. Бид нэг хүн шиг сэтгэж, олон хүн шиг зүтгэж ажилладаг учраас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхээр  их л чармайдаг. Шавь болгоноо сайн болоосой гэж хүсдэг. Чухам сайн мууг нь олимпиад уралдаан, улсын шалгалт, ерөнхий шалгалт хэмжих байх.

-Хичээлийн шинэ жил жигдэрчихлээ. “Монголын сайхан бичигтэн-2016” улсын уралдаан ч эхэлж байна. Дараа дараагийн зорилтоосоо хуваалцаж болох уу?

-Мөн энэ жил 10-р ангиа оролцуулна гэж бодож байна. Бэлтгэл сайн хангагдаагүй л байна. Гэхдээ шаргуухан бэлдэж эхэлнэ.

Мөн “Үндэсний өв соёлоо түгээгч тээгч” улсын уралдаанд суурь боловсролоос нэг анги бэлдэж оролцуулна. Бас нэрэмжит болон төрөлжсөн олимпиадууд, ЕШ гээд дараа дараагийн ажлууд хөврөөд нэг л мэдэхэд хичээлийн жил дуусна даа.

-Зарим багш нар монгол бичгийг зааж сургахад бэрхшээлтэй гэж ярих юм. Ялангуяа бага насны хүүхдэд. Энэ талаар таны үзэл бодол, туршлага...

-Магадгүй, тухайн багш ямар сургуульд суралцсан, ямар багшаар заалгасан гээд олон шалтгаанаас болж үндэсний бичгийг заахдаа түүртэж болох юм. Гэхдээ л бид зааж чадна гэж багш болсон учраас эхлээд өөрөө чин сэтгэлээсээ бичиг соёлоороо бахархан, шамдан сурах хэрэгтэй. Хүний хүүхдийг хохироох эрх байхгүй шүү дээ. Нөгөө талаас монгол хэл бичгийн багш бэлтгэдэг их дээд сургуулиуд сургалтын чанараа сайжруулчихвал  энэ бэрхшээл арилах байх аа. Туршлага гээд тайлбарлах зүйл даанч хомс юм. “Хүүхэд бол дүүргэх ёстой сав биш, дүрэлзэх ёстой бамбар мөн” гэдгийг  гол зорилгоо болгон сурах сонирхлыг нь өдөөж өгөхийг л хичээдэг.

-“Монгол хэлний тухай” шинэ хуульд зааснаар, монгол бичгийг ЕБС-ийн 6-р ангиас эхлэн сургууль төгстөл нь заана гэж тогтоосон. Энэ ажил танай аймаг, сургуульд хэрэгжиж байна уу?

-Аймаг суманд жигд хэрэгжиж байна. Цөм хөтөлбөрийн суурь боловсролын хүрээнд 7 хоногт 2 цагаар үзэх боловч, ахлах ангидаа 7 хоногийн 4 цагт монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлүүдийг нэгдмэл байдлаар багцалж заана гэж оруулсан байна. Энэ бол үнэхээр чамлалттай хугацаа гэж санагдсан. 

-Яг одоогоор монгол бичгээ хэддүгээр ангид, хэдэн цагаар орж байна вэ?

 -7-р ангид 2 цагаар, 10-р ангид 1 цагаар орж байна. Үндэсний өв соёлоо дээдлэн сурталчилж буй Б.Элбэгзаяа эрхлэгчтэй танай сонины хамт олонд, мөр зэрэгцэн ажилладаг монгол хэл бичгийн нийт багш нарын өмнөөс болон хувийн зүгээс дахин дахин талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Та бүхний ажил үйлс үндэсний бичиг шигээ ямагт өөдрөг байх болтугай.

                                                                               П.Батням

Related news