Монголын Үндэсний номын сан “Казах номын булан”-тай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-10-12 13:42:19

Казахстан улсын Тусгаар тогтнолын 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас өнөөдөр Монголын Үндэсний номын санд “Казах номын булан” нээлээ.

Нээлтийн ёслолын үеэр тус ЭСЯ-наас англи, монгол, казах, орос хэлээрх Казахстаны улс төр, эдийн засаг, нийгмийн болон алдарт яруу найрагч, зохиолчдын урлаг, утга зохиолын 800 гаруй бүтээлийг хандивласан юм.

БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин хэлэхдээ, “Казахстан улсын тусгаар тогнолын 25 жилийн ой ирэх 12 дугаар сард тохионо. Энэхүү номын булан казах хэлтэй уншигчдад казах хэл болон соёл, шинжлэх ухааныг танин мэдэх, хоёр орны найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

"95 жилийн түүхтэй Үндэсний номын санд “Казах номын булан” нээж байгаа нь казах хэлтэй уншигчиддаа Казахстан улсын түүх соёл, өв уламжлалыг хүргэхэд хамгийн ахицтай ажил болно. Судлаач болон казах хэл сонирхогчид, уншигчдад том боломж нээгдэж байна” хэмээн Үндэсний номын сангийн дарга Б.Ичинхорлоо тодотгов. Түүнчлэн тэрбээр БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландинд ном хандивласанд талархал илэрхийлж, "Батламж" гардуулав.

Үүний дараа нээлтийн үйл ажиллагаанд оролцсон төлөөлөгчид тус номын сангийн Үнэт ховор номын музейтэй танилцсан юм.

 

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news