Монголын нүүдлийн уламжлалт ахуй соёлыг гэрэл зургаар өгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-11 13:51:22

БОАЖЯ, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран “Монголын нүүдлийн аялал жуулчлал” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээлээ.

Тус үзэсгэлэнг энэ сарын 13-15-нд Улаанбаатар хотноо  болох “Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг угтан зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Үзэсгэлэнг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлэхдээ, “2016-2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн нэг хөшүүрэг болгоно гэсэн зорилт тавьсан. Монголын унаган байгаль, түүхчилсэн бөгөөд төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэлээн алхам хийх ёстой. Монголын үзэсгэлэнт байгалиа өөрийн нүдээр тольдож, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй хөтөч, аялагчдад талархал илэрхийлье” гэв.

Үзэсгэлэнд тур оператор байгууллагуудын менежер, хөтөч, аялагчдын буулгасан 200 гаруй гэрэл зураг ирүүлснээс Монголын нүүдлийн ахуй соёлыг илэрхийлсэн, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон танилцуулж байгаа болон жуулчдын гар бие оролцсон зургуудаас түүвэрлэн 30 гэрэл зургийг дэлгэн сонирхуулж  байна. Тухайлбал, “Адуучид”, “Говийн өглөө”, “Цаатан айлаар зочилсон нь”, “Хөх тэнгэрийн морин аялал”, “Тэмээний баяр, эвент”, “Тууврын замд” зэрэг зураг үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа.

Монголын нүүдлийн уламжлалт ахуй соёлын үнэт зүйлсийг аялал жуулчлалын дэмжлэгтэй хадгалан үлдээх, сурталчлан таниулах зорилготой тус үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болох юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news