Эсгий ширмэл бүтээлийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхэд 37 сая төгрөг шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-11 10:53:00

Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг хэсэг болох Монголын нууц товчоог 108 метр эсгий дээр зээгт болон ширмэлээр оёж, Геннисийн номонд бүртгүүлэх үйлд учиг шингээх ёслол үргэлжилж байна. Харин тус бүтээлийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхэд нийт 37 сая төгрөг шаардлагатай болжээ.

Энэ тухай “Хан Хэнтий Гар Урчууд” ХХК-ийн зураач Д.Нэргүй хэлэхдээ “Бид бүтээлээ Геннисийн номонд бүртгүүлэхээр материалуудаа зохих газарт нь бүрдүүлж өгсөн. Энэхүү бүтээл нь 1-рт Малын гаралтай түүхий эдээр хийсэн, хамгийн урт утас орсон бүтээл, 2-рт Эсгийн дээр урласан хамгийн урт дүрслэх урлагийн бүтээл, 3-рт Хамгийн олон үндэстэн ястан, иргэд оролцсон бүтээл гэсэн гурван номинацид бүртгэгдэх юм. Үүнд Геннисийн амжилтыг бүртгэх байгууллагын хүмүүсийг урьж авчрах, талбай дээр үйл ажиллагаа зохион байгуулах /Зочид буудал, онгоцны тийз, хоол унд, орчуулга / зэрэг зардлууд багтсан” хэмээн ярилаа.

Энэхүү үйл ажиллагааг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон Аймгийн ЗДТГ бодлогоор дэмжин ажиллаж байгаа юм.  Иймд түүхэн бүтээлийг урлан бүтээж буй уран гарт урчууддаа сэтгэлийн дэм хайрлаж “1000 ТӨГРӨГ-1000 УРАМ” аянд нэгдэхийг нутгийн зон олон Та бүхэндээ уриалж байна. Иргэд хандив өгөх бол Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ХААН банк 5753862007 /төгрөгийн/, ГОЛОМТ банк: 3155104769 /долларын/ дансанд хийж болох бөгөөд шаардлагатай зүлийг 9476-1412, 9144-6944 утсаар холбогдон тодруулж болох юм байна.

Өдгөө 108 дахь метр буюу Монголын нууц товчооны төгсгөлийн бүлгийг оёж, өнгөнд оруулж будах ажилдаа ороод байгаа тус бүтээлийг урлахад нийт 1 сая 994 мянган метр тэмээний утас орсон бөгөөд 13 аймгийн 2600 гаруй үйлчид буюу ойрад, буриад, урианхай, торгууд, үзэмчин зэрэг 24 бага ястан оролцсоноороо тун онцлог юм.

Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтий Гар Урчууд” ХХК-ийн хамт олны санаачилсан энэхүү бүтээл нь Геннисийн номонд бүртгэгдсэнээр дэлхий дахинд Монгол Улс, тэр дундаа Хан Хэнтий нутгаа таниулан сурталчлах, Эзэн Чингис хааны түүхээ ирээдүй хойч үедээ уламжлан үлдээх маш чухал ач холбогдолтой юм. Тийм ч учраас Хэнтий аймгийнхаа итгэл, сэтгэл нэгт олон түмнийг энэхүү түүхэн бүтээлд учиг шингээх үйлд олноор нь хамруулахыг зорьж, нийт сумдаараа тойрч эхлээд байгаа аж.

О.Буянхишиг

Related news